”Хүүхдээ цэцэрлэгт өгөх бол хахуулиа одоо өгөөрэй”
2015-05-07

Бидний амьдралд “толгой өвтгөх” асуудал дэндүү олон байна. Өмнө нь бид бүхнийг хамарсан зүйлд “найман настай балчраас наян настай буурлыг” хамруулдаг байлаа. Гэтэл өдгөө амьдралын олон асуудлууд хоёр настай балчир үрсийг минь тойрохгүй болжээ.



Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаарх асуудалд зөвхөн эцэг, эхчүүд л шаналдаг юм биш. Хүүхэдтэй хүн бүрийн “толгойн өвчин” болсон энэхүү асуудлын хохирогч нь бидний бяцхан үрс гэдэг нь хэнд ч тодорхой.



Намрын намарт сөхөгддөг энэ асуудал өдгөө хавар “сэдэрдэг” болжээ. Энэ жил бид нэгдүгээр ангид орох ёстой ч “орон тоо”-ноос гадуур үлдэж байгаа 20 мянган зургаан настнаа яах вэ? хэмээн сандарцгааж байна. Гэтэл нөгөө талд энэ жил хоёр нас хүрч, намар цэцэрлэгт явах “эрхээ” авч буй бяцхануудаа ч бас яах вэ гэдэг нэгэн асуудал урган гарч байгаа юм.



Наймдугаар сарын сүүлчээр хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтэй иргэд үүрийн таван жингээр дугаарлаж, бүр цэцэрлэгийн хашааны гадаа хонож өнжин хүлээдэг. Харамсалтай нь, ийнхүү хичээл зүтгэл гаргасан эцэг, эхчүүдийн дийлэнх нь “Ямар ч орон тоо байхгүй, хуучин хүүхдүүдээ арай ядан багтааж байна” гэсэн хариу сонсоно.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд байснаас 185 мянга нь буюу 80 хувийг нь цэцэрлэгт хамруулах багтаамжтай гэж холбогдох яамныхан мэдэгдсэн.



Үүний 71 хувь нь нийслэлд буй. Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд нь “Цэцэрлэгийнхээ барилгын хүчин чадлаар хүүхдээ авбал нийслэлийн хүүхдүүдийн 50 орчим хувийг хамруулах боломжтой. Бид анги дүүргэлт болоод барилгынхаа хүчин чадлыг 1,7 дахин нэмэгдүүлж байж 70 хувьд хүргэж байна.
Өнгөрсөн хавар цэцэрлэгийн ангийг 12 мянган хүүхэд төгссөн. Аль болох энэ тоондоо хүргэж авахыг хичээнэ. Нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заасан ч нийслэлийн бүх цэцэрлэгийн багтаамж хоёр дахин нэмэгдсэн байгаа ч багтаамж хүрэлцэхгүй байна” гэсэн тайлбар өгсөн.



Бодит байдал дээр ч энэ бүхэн нотлогдож буй. Өнгөрсөн намар улсын зарим цэцэрлэг анги дүүргэлтээ 63 хүүхдээр тогтоосон ч олон мянган багачууд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй үлдсэн юм.
Төрийн түшээд бүр л сургууль, цэцэрлэг барина хэмээн амладаг. Гэвч бодит хөрөнгө оруулалт хийгдсэн нь тун цөөхөн.



Харин энэ хавар Баянгол дүүрэгт 100 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн бүлэг бүхий хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон. Ингэснээр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 154 хүүхдээс 109 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон юм.



Гэтэл өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар зургаан цэцэрлэгийг хаасан. Товчхондоо бол нээснээсээ олныг хаасан гэсэн үг л дээ.


Энэ бүхнийг шийддэг тун хялбархан арга бий. Энэ бол хэнийг ч өмнөө сөхрүүлж, эрхэндээ оруулж чадах увдистай авлига хэмээх өнөөх “том гар” юм. Хэдхэн жилийн өмнө улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд дундажаар 250-300 мянган төгрөг атгуулдаг байсан.



Тэгвэл энэ онд тэр мөнгөний хэмжээ даруй хоёр дахин өсчээ. Хамгийн гол нь намар цэцэрлэгт оруулахын тулд хахуулиа одоо өгөх ёстой. Хэрэв та хавар цэцэрлэг тарахаас өмнө хэн нэгэн эрх мэдэлтэнд мөнгө атгуулж чадвал намар таны хүүхэд хаалтгүй орно. Гэхдээ бүр хахууль нь хүртэл хөнгөлөлттэй гээд бод доо. Улсын цэцэрлэгийн орон тоог хариуцдаг тавдугаар сарын нэгнээс өмнө хахууль өгөх бол 300 мянган төгрөг гэнэ. Харин зургаадугаар сарын нэгнээс өмнө өгөхөөр тохиролцвол 400 мянган төгрөг төлөх хэрэгтэй. Энэ бол зөвхөн хотын захын цэцэрлэгүүдэд үйлчилж байгаа “хахуулийн үнэлэмж”. Хотын төвийн цэцэрлэгүүдийн хахууль шат шатаар, зуу, зуун мянгаар өгсөн тооцогддог юм билээ.



Харин намар цэцэрлэгт хүүхдээ оруулахаар хахууль өгвөл энэ үнэлэмж хоёр дахин өсөх буюу 500-600 мянган төгрөг болно. Мэдээж энэ бол хүүхдийнхээ ариун цэврийн хэрэгсэл, анги засварын мөнгө зэрэг урсгал зардлуудыг оруулаагүй мөнгөн дүн.



Хөдөө орон нутагт ч мөн л цэцэрлэгийн хүрэлцээ муу. Бас л энэ асуудлыг 150-250 мянган төгрөгөөр шийддэг гэнэ. Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр сардаа 200-800 мянган төгрөг байгаа учир улсын цэцэрлэгтээ нэг удаа хахууль төлөөд хүүхдээ оруулахаас өөр сонголтгүй үлдэж байгаа юм. Гэтэл одоо бас хавар л хахуулиа өг гэсэн бас нэгэн шаардлага гараад ирж. Харин хавар авсан мөнгөө зуны гурван сарын амралт, зугаалгандаа баясаад мартчих вий дээ.



Эх сурвалж:
 

Shuud.mn
Сонин хачин
123123:
hansh n 600 bnlee
2015-05-07