Эд хөрөнгийн бүртгэлийн хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2015-05-07

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.07.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

 

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд 5 бүлэг, 39 зүйлтэй батлагдсанаас хойш уг хуульд дөрвөн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор нийт 67 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм байна. Харин энэ удаагийн төслөөр улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй, боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан зарчмын шинжтэй өөрчлөлтөөс гадна хуулийн 40 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон тэдгээртэй холбоотой бусад эрх нь улсын нэгдсэн бүртгэлтэй болсноор улсын хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарахаас гадна түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төрийн бодлого, төлөвлөлт тодорхой болно. Түүнчлэн цахим бүртгэлийн үйлчилгээ нэвтэрч эхэлснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх, ингэснээр иргэд цаг хугацаа, үйлчилгээний зардлаа бууруулах, хууль зүйн аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

 

 

Хууль зүйн байнгын хороо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслүүдийгчуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Г.Баярсайхан, Н.Батцэрэг, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Д.Батцогт нар Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав.

 

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой бусад эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн харьяалал харгалзахгүйгээр бүртгэхээр тусгасан. Мөн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх; төрийн байгууллагаас гадна банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох зохицуулалт хийхээр тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан нийт 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгээ хэлэв.

 

 

Мөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчлөх эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгааждаг зохицуулалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг болгохоор зохицуулсан. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэж байхаар тусгасан. Энэ нь түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль алиных нь эрх ашгийг хамгаалах, давхар түрээслэх эрсдлийг арилгах давуу талтай. Энэ хуулийн нэг гол зохицуулалт нь өмчлөлийн хэлбэрээс үл хамааран бүх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр зааж өгсөн. Түүнчлэн өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулдаг байхаар төсөлд тусгасан гэдгийг тэд хэллээ.

 

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Р.Гончигдорж нар үг хэлсний дараа байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь буюу 85.2 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин