Хяналтын байгууллага ажлын шинэ арга хэлбэрт шилжлээ
2015-05-07

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн гэж үзэж байна. 

 

2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан. Тэгвэл эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм.

Өөрөөр хэлбэл шалгалт л хийдэг байсан тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих зорилгоор зөвлөн тусалдаг, сургадаг, урьдчилан сэргийлдэг, шалгалт хийдэг болж ажлаа олон улсын хяналтын байгууллагуудын жишигт нийцүүлэв.

 

Эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр гаргадаг боллоо

 

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг болжээ.

 

Хийсэн шалгалтаас үзвэл далд уурхай, эм үйлдвэрлэгч, баяжуулах үйлдвэр, өргөх байгууламж ашиглагч, барилгын материал үйлдвэрлэгч, ус хангамжийн байгууллага, авто зам, замын байгууламж, мал, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч, ил уурхай, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын явцад эрсдэл үүсэх магадлал 30.6-94.8 хувьтай байна гэсэн дүн гарсан байна.

 

Эрсдэлийг урьдчилан таамаглаж, учир шалтгааныг нь олж тогтоосноор түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын хүн, санхүү, техникийн нөөц бололцоог өндөр, дунд эрсдэлтэй хэсэгт зөв хуваарилж ажиллахад чухал ач холбогдолтой. Мэргэжлийн хяналтын байгууллага 2014 онд 65923 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг эрсдлийн үнэлгээнд хамруулснаас 11475 буюу 17.4 хувь нь их, 40 379 буюу 61.3 хувь нь дунд, 14 069 буюу 21.3 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин