Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ээс зөвлөмж хүргүүлжээ
2015-05-07

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Үндэсний төрийн бус байгууллагуудын өгөх санал, уулзалт семинар Улаанбаатар зочид буудлын Хөх асарт боллоо. Хоёр өдөр үргэлжилж буй энэхүү уулзалтад хөгжлийн брэхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд оролцов.

 

Энэ удаагийн сургалтаар НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 13 дугаар хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар тайлан илтгэлд өгсөн дүгнэлт зөвлөмжийг танилцууллаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2019 он хүртэлх 4 жилийн хугацаанд НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд үндэсний ТББ-уудын өгөх саналыг боловсруулав.  Үүний зэрэгцээ НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн ерөнхий ойлголт, шинээр тусгагдсан нэр томъяоны түгээмэл загвар,  зарим нэр томъёоны зөрүүтэй ойлголтыг нэг мөр болгох асуудлаар ярилцлаа.

 

Түүнчлэн энэ сургалтаар хөгжлийэн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон улсуудын үүрэг, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон бөгөөд сургалтыг Тэгш холбоо ТББ, Европын холбоо, АИФО олон улсын байгууллага, Оюуны инноваци ТББ хамтран зохион байгуулав.

 

Монгол Улс 2009 оны тавдугаар сарын 13-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ийн Конвенци, түүний нэмэлт протоколыг соёрхон баталсан аж. Улмаар 2011 онд Монголын Засгийн газар анхны тайлан илтгэлээ НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд илгээсэн байна. Монгол Улсын анхны тайлан илтгэлийг 2015 оны 4 сарын 8, 9-нд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 188.189 дүгээр хурлаар авч хэлэлцэж, зөвлөмж гаргасан аж.

 

Уг хурлаас Монгол улсын Засгийн газарт 37 зөвлөмж, 3 шаардлага, 1 хүсэлт хүргүүлсэн байна. Мөн 12 сарын дотор буюу 2016 оны 4 сарын 17-ноос өмнө Монгол Улсын Засгийн газар Зөвлөмжийн 32. 46 дугаар заалтыг хэрэгжүүлэхэд авсан арга хэмжээний талаар бичгээр хариу өгөхөөр болжээ. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хамруулж, хоёр, гурав дахь тайлангаа нэгтгэж, 2019 оны 6 сарын 13 наас хэтрүүлэхгүйгээр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд хүргүүлэхийг хүссэн байна.

 

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд өөрсдйин дуу хоолойгоо нэгтгэж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна. Уг төлөвлөгөө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх, мөн тэдгээр хүмүүсийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох “боломжит тохируулга”- ыг хангасан байхаар хийж байгаа аж. Боловсруулсан төлөвлөгөөгөө ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст хүргүүлэх ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин