Хямралын үед үр дүнтэй төлөвлөгөө боловсруулахад суралцана
2015-05-11

 

ИНЕГ-аас нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөртэй 2005 оноос хамтран ажиллаж байгаа.

 

 Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улсад зохион байгуулагдаж байгаа хоёр дахь сургалт болох “Хямралын удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

 

Дэлхий дахинаа нисэхийн аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулж байгаа энэ үед зохион байгуулж буй тус семинар нь олон талын ач холбогдолтой бөгөөд эндээс семинараас олж авсан мэдлэгтээ тулгуурлан нисэхийн аюулгүй байдалтай холбоотой аливаа хямрал, онцгой байдал үүссэн үед үр дүнтэй төлөвлөгөө боловсруулж  ажиллахад хувь нэмрээ оруулна гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

 

Өмнө нь тус хөтөлбөрийн хүрээнд нисэхийн аюулгүй байдлын багш-зааварлагч нарыг бэлтгэх сургалт зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн семинарт Монгол Улсаас өндөр ач холбогдол өгч, сургалтад Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн дарга нарын албаны гишүүд болох Нисэх буудлуудын удирдах газар, ЗТЯ, ЦЕГ, Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ОБЕГ, ГЕГ, ХХЕГ, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа  дахь алба, “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгч байгуулагуудын төлөөлөл оролцож байна. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч John Gratton, төслийн багш-зааварлагч Piengtep Yapan нар болон Бангладеш, Индонез улсаас төлөөлөгч оролцож байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин