УИХ-ын даргад зургаан хуулийн төсөл өргөн барив
2015-05-12

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод сайд нар зургаан хуулийн төсөл өргөн барилаа.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Уг хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчилсэн зохицуулалтыг тусгажээ. Мөн Хуульзүйн сайд Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

 

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн барив. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай болсон хэмээн үзэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ салбарын сайд танилцуулав.

 

Мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбат Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж Татварын ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулсан байна.

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

 

 

Shuud.mn
Сонин хачин