Т.Болдбаатар: Риогийн олимпод 17 төрлөөр өрсөлдөнө
2015-05-12

Эрүүл Мэнд Спортын дэд сайд Т.Болдбаатартай ярилцлаа. 

 

-2016 оны Олимпийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна. Манай тамирчдын хувьд энэ жил Олимпийн эрх авах, оноо цуглуулах  хариуцлагатай жил болов уу?

 

-Ерөнхий сайдын тэргүүлсэн Олимпод бэлтгэх Үндэсний Хороо хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа. Бид ирэх жилийн Олимпийн наадмын урьдчилсан бэлтгэл сургуулилтыг хаана, ямар газар хийх мөн шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээн уралдаанд нь дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, жүдо, боксын тамирчид маань олон улсын тэмцээнд Олимпийн оноо цуглуулахаар явж байна. Үндэсний шигшээ багийн хувьд  2016 оны Риогийн Олимпод гучаас доошгүй Олимпийн эрх аван өрсөлдөж 7-8 олимпийн медаль хүртэх зорилго тавин ажиллаж байна.  

 

-Риогийн Олимпод хичнээн төрөлд өрсөлдөх төлөвлөгөө гаргаад байна вэ? 

 

-Үндэсний шигшээ багийнхан маань олимпийн 12 төрөл, паралимпийн 5 төрөл нийт 17 төрөлд тамирчид бэлтгэж байна. Бэлтгэл хийж буй бүх төрөлдөө эрх авах зорьж байна. Чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэсэн үндсэн дөрвөн төрлөөрөө эрх авах бүрэн боломжтой. Мөн хүндийн өргөлт, таеквондо, хөнгөн атлетик, байт харваагаар эрх авах боломжтой гэж урьдчилсан байдлаар харж байна. 

 

-2012 оны Олимпийн наадам хөрш улсад болсон нь олон давуу талыг бий болгосон. 2016 оны олимп газарзүйн байршил зэргээс шалтгаалан амжилтад нөлөөлөх магадлалтай. Эрх авсан тамирчид маань бэлтгэлээ ер нь хаана хийх юм бол? 

 

-Бразил улс манайхаас 14 цагийн зөрүүтэй. Энэ нь  сул тал байж болох юм. Бусдаар бол сайн талтай. Тухайлбал, Олимпийн наадам Бразил улсын өвлийн улиралд зохиогдоно. Энэ үеэр тухайн улсад дундаж температур 20 хэмийн дулаан байдаг. Энэ нь манай орны зуны улирлын цаг ууртай ижил төвшинд байна гэсэн үг. Харин 14 цагийн зөрүүг арилгаж, тамирчдыг  биологийн  хэвийн байдалд орууулахын тулд  тэмцээн болохоос 14 хоногийн өмнө тухайн улсад очсон байх шаардлагатай байдаг. Нэг  цагийн зөрүүг гаргахад нэг хоног зарцуулах хэрэгтэй  гэдгийг олон улсын эрдэмтэд баталчихсан. Иймээс дээрх хүндрэлүүдийг шийдвэрлэх боломжтой. 

 

2020 оны Зуны Олимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотод болно.Үүнтэй холбогдуулан Япон улсын хоёр мужаас бидэнд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг Япон улсын  хоёр муж үнэ төлбөргүй байрлуулж  бэлтгэж өгье гэсэн байна. Тухайн хоёр мужийн нэгийг манай яамны чиглэлээр нөгөө мужийг Асашёорюү Давгадоржийн зүгээс албаны хүмүүсийг бидэнд танилцуулж зуучилж өгсөн юм. Хэрэв энэ ажил биеллээ олбол Риогийн Олимпод оролцох  тамирчидаа Япон улсад бэлтгэлийг нь хангуулах боломж бүрдэнэ.

 

-Үндэсний шигшээ багт 2005 онд улсын төсвөөс 50 сая төгрөг төсөвлөж байсан бол  2006, 2007, 2008 онуудад энэ тоо нэмэгдсээр 1.8 тэрбум төгрөгт хүрчээ. Харин энэ онд шигшээ багт санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байна вэ? 

 

-УИХ, Засгийн Газраас шигшээ багийн тамирчдыг санхүүгийн хувьд маш сайн дэмждэг.  50 сая төгрөг байсан төсөв нэмэгдсээр 2008 онд 1.8 тэрбум төгрөгт хүрч  манай улс анхны Олимпийн аваргаа төрүүлсэн. 2014 оны байдлаар шигшээ багт 4 тэрбум төгрөгийг төсөв хуваарилалт хийсэн. Харин 2015 онд 6.6 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Учир нь энэ жил тамирчдын хувьд Олимпийн эрх авах, оноо цуглуулах зэрэг чухал жил юм. Одоогоор улсын шигшээ багийн 158 тамирчин спортын 17 төрлөөр багш дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

 

-Санхүүгийн дэмжлэг сайн байвал тамирчид зөвхөн бэлтгэлдээ л анхаарч, тэр хэмжээгээр амжилжилтад нь нөлөөлдөг шүү дээ? 

 

-Монгол хүн төрөлхийн тамир тэнхээ сайтай. Гэвч орчин үед спортод зөвхөн хувь хүний тамир тэнхээ, хүч чадлаар үр дүнд хүрэхгүй гэдэг нь батлагдчихсан. Тухайн тамирчны амжилтад хүрэх бүх арга замыг шинжлэх ухаанаар нарийн тооцож боловсруулдаг болчихсон. Тэгэхээр спортыг дагасан энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн нөөц бололцоотой  байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Олимпод амжилт гаргах нь санхүүжилтээс шууд хамааралтай. 

 

-Олон улс болон Олимпийн наадмаас медаль авсан тамирчид насан туршдаа сар бүр цалин авдаг болсон. Одоогоор улсаас  медалийн өнгийг хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Олимп болон дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр цалин олгох зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Засгийн Газраас тогтоол гаргасан байдаг. Олимпийн аварга болсон тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн урамшуулал олгодог. Энэхүү мөнгөн урамшуулал нь зөвхөн олимпийн наадам бус тив дэлхийн бүх наадмаас медаль хүртсэн тохиолдолд нэг удаа  олгогддог байхаар хуульчилсан. Нэг удаагийн мөнгөн шагналаас гадна сар бүр тогтмол цалин олгодог болсон.

 

Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл сар бүр 4 сая, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль 2 сая төгрөгийн цалинг тухайн тамирчинд насан туршид нь олгохоор шийдвэрлэсэн. 2014 онд  тив дэлхийн спортын наадмаас медаль авсан тамирчин дасгалжуулагчид  нэг удаагийн мөнгөн шагналд 1.4 тэрбум төгрөг олгохоор болсон. Үүнээс  173 тамирчин, дасгалжуулагч  595 сая төгрөгөө аваад байна. Энэ жилдээ багтаад бусад тамирчдад олгоод дуусах болно. Олимпийн наадамгүй жил манай тамирчдад ийм хэмжээний мөнгөн урамшуулал олгож буй нь манай тамирчдын  чадвар ямар хэмжээнд өссөнийг харуулаад зогсохгүй төр засгаас тэднийг бодитоор урамшуулан тэтгэж байгаагийн тод илрэл юм.

 

-Олимпийн наадмуудад манай улсын баг тамирчид амжилттай оролцож, үүнийг дагаад спортоор хичээллэгсдийн тоо огцом нэмэгдэж байгаа юу?

 

-2014 онд Монгол Улсын хэмжээнд 5884 тэмцээн уралдаан зохиогдож давхардсан тоогоор 1.670.000 иргэн хамрагдсан байна. Эдгээрээс нэг сая орчим нь биеийн тамираар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөн хийдэг, эрүүл зөв амьдрах хэвшилд суралцаж буй иргэд. Энэ нь өөрөө спортын хөгжил бүх нийтэд хэрхэн үр дүнтэй нөлөөлж буйн тод жишээ. Харин спортоор мэргэжлийн төвшинд  хичээллэдэг иргэн 150 мянга орчим байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь чамлалттай тоо юм. Учир нь манай улс эдийн засаг, цэрэг зэвсэг, шинжлэх ухааны хөгжлөөр гадаад орнуудтай өрсөлдөж чадахгүй. Харин спорт, соёл урлагийн чиглэлээр өөрийн орноо таниулан сурталчлах боломжтой гэдэг талаас нь харвал энэ тоо миний хувьд чамлалттай санагддаг. 

 

-Шинэ спортын төрлийг дэмжин  хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

 

-Чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэсэн үндсэн топ дөрвөн төрөл дээр нэмэгдээд хүндийн өргөлт, хөнгөн атлетик, таеквондо, байт харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэдэг тамирчид  хүч түрэн орж ирж байна. Тэднийг төр засгаас дэмжиж үндэсний шигшээ багийн спортын төрөлд багтааж улсаас бодлогын хувьд дэмжээд, судалгаа хийгээд явж байна. 2005 онд Үндэсний шигшээ багт спортын дөрвөн төрлөөр  41 тамирчин бэлтгэдэг байсан бол 2015 оны 4 сарын байдлаар спортын 17 төрөлд 158 тамирчин бэлтгэж байгаа юм. Цаашид топ дөрвөн төрөл гэх  ойлголт үгүй болж бусад бүх төрлөөр  манай тамирчид өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой болоод байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин