”Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр”-ны талаар мэдээлэв
2015-05-12

Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор Олон улсын “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр” өдрийг 5 сарын эхний 10 хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өчигдөр тус өдрийн хүрээнд ажлын байрны эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйл, эрүүл мэндийг дэмжигч ажлын байр байхын ач холбогдол, ажлын байран дахь хооллолтын талаарх мэдээлэл өглөө.

 

Тус уулзалтыг нээж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар үг хэлэхдээ, “Эрүүл, аюулгүй орчин, эрүүл мэндийн зохих боловсрол бас хариуцлагатай иргэд, эмнэлэгийн чанартай тусламж, үйлчилгээ 3 цогцоороо нийлж байж олноороо эрүүл саруул байх, “Нийтийн эрүүл мэнд”-ийг сахин хамгаалах нөхцөл бүрдэх учиртай юм. Аль нэг нь доголдсон тохиолдолд нөгөө 2 ынх нь ачаалал нэмэгдэн, үр дүнд нь сөргөөр нөлөөлдөг. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь эхний 2 зорилт буюу Эрүүл, аюулгүй орчинг бий болгох, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгддэг.

 

Ажлын байр болон амьдралын орчин нь биет ба сэтгэлзүйн орчноос бүрдэх бөгөөд хоёулаа эрүүл, аюулгүй, дэмжлэгт байж гэмээнэ эрүүл орчин гэж нэрлэгдэх учиртай. Эрүүл мэндийн боловсрол олгох гэдэг энэ урт үйл явц иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн бөгөөд энгийн зөвлөмж, мэдээлэл өгөхөөс эхэлнэ. НЭМ-ийн  энэ амаргүй, хүч хугацаа шаардсан, үндсэн 2 том зорилтыг биелүүлэх хамгийн боломжит арга зам бол “Эрүүл мэндийг дэмжигч” бүхий л талуудын хүчин чармайлт, тогтвортой дэмжлэгийг өдөөх, бий болгох явдал бөгөөд тэр дундаа нийгэмдээ санаа зовниж явдаг сэтгүүлчид, нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудын гүйцэтгэх үүрэг өндөр учраас өнөөдөр бид та бүхэнд хандаж байна” гэсэн юм.

 

Хүн бүр эрүүл мэндийг дэмжсэн аюулгүй, амгалан тайван  орчинд бусдад үнэлэгдэн хүндлэгдэж ажиллахыг хүсэх нь гарцаагүй. Нөгөө талаас ажил олгогчид бүтээмж өндөртэй, ажилдаа махруу, бие сэтгэлээ зориулдаг ажилтнуудыг хүсэмжилдэг. Ажилтан, ажил олгогч хоёрын хүсэх энэхүү хүсэл зөвхөн эрүүл мэндийг дэмждэг ажлын байранд л биелэлээ олох боломжтой. Цаашид Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй тэмдэглэлт өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ард иргэд, олон нийтэд хандсан мэдээ мэдээлэл, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх ажээ.

 

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган байгууллагуудын нэг бөгөөд хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, орчин, биологи, удамшлын эерэг, сөрөг хүчин зүйлсийг судлан нотолгоо бий болгох, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих дэмжлэгт орчинг бүрдүүлэх зэргээр нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг аж.  

 

Тус хүрээлэнд Эрүүл мэндийг дэмжих, зан үйл судлалын сектор, Орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын сектор, Хоол судлалын сектор, Хүний генетик, экологийн эрүүл мэнд судлалын сектор, Хор, хордлого судлалын сектор, Биотехнологи, молекул биологи судлалын сектор, Биобэлдмэлийн үйлдвэр, Шим тэжээлийн ба Хор судлалын лабораториудыг нэгтгэсэн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв зэрэг нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд академич, эрдэмтэн, судлаач нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийн доорхи жагсаалтын дагуу тус хүрээлэн олон нийтэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах аж.

 

1.            5 сарын эхний 10 хоногийг “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр”-ны өдөр

2.            5 сарын 31 “Тамхины эсрэг дэлхийн өдөр”

3.            6 сарын 7. Машингүй өдөр

4.            6 сарын 2 дахь долоо хоног “Гэдэсний халдвараас сэргийлэх үе“ өдөр

5.            6 дугаар сар 27. Хөдөлгөөн эрүүл мэнд- Тамирчдын өдөр

6.            6 сарын 30. “Мансуурлаас сэргийлье”

7.            7 сарын 28. Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр

8.            7 дугаар сарын сүүлийн хагас, 8 дугаар сарын 2 дахь арав хоног. “Тарваган тахлын халдвараас сэргийлэх өдрүүд”.

9.            8 дугаар сарын эхний 7 хоног. “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”.

10.          8 дугаар сарын сүүлийн 10 хоног. Эмийн зохистой хэрэглээ

11.          8 сарын 30. Иод дутлын эмгэгээс сэргийлэх өдөр

12.          9 дүгээр сар. Оюутны эрүүл мэндийн сар

13.          9 сарын 24. Зүрхээ хамгаалах өдөр

14.          10 сарын 10. Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр

15.          10 дугаар сарын 15. Гар угаах дэлхийн өдөр

16.          10 сарын 16. Хүнсний өдөр

17.          11 сарын 10. Хавдраас сэргийлье

18.          11 сарын 14. Чихрийн шижинтэй тэмцэх өдөр

19.          11 сарын 17. Уушигны архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх өдөр

20.          11 сарын 19. Дэлхийн 00-ийн өдөр

21.          12 сарын 1. ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр 

22.          12 сарын 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрээлэнгийн www.phi.gov.mn цахим сайт болон, фэйсбүүк, твиттер хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин