Монгол-Японы сургалтын эмнэлэгтэй болно
2015-05-12

Гадаад хэргийн яамны Мутрын түшээ танхимд өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такенори Шимүзи, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 131 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, мөн 4 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тэтгэлэг" төслийг тус тус хэрэгжүүлэх юм.

 

“Монгол-Японы сургалтын эмнэлэг”-ийг барьснаар манай улсын анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ач холбогдолтой ажээ. Манай улсад анх удаа байгуулагдах сургалтын эмнэлэг нь 2017 онд ашиглалтад орох бөгөөд АШУҮИС-ын оюутнууд болон их сургуулиа төгссөн эмч нар сурсан мэдсэнээ бататгах зорилгоор уг эмнэлэгт ажиллах гэнэ. Төслийн хүрээнд тус эмнэлэгт Япон улсын эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, II, III дахь шатлалын  эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.

 

Мөн Япон Улсын Засгийн газрын Хүний нөөцийн тэтгэлэгт хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой ба тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог юм байна.

 

Энэхүү төслийг Япон Улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба уг төсөл Монгол, Индонез, Филиппин, Хятад, Лаос, Узбекистан, Камбож, Вьетнам зэрэг нийт 11 улсад хэрэгжиж байна. Монгол Улс тус хөтөлбөрт 2001 онд хамрагдаж, өнөөг хүртэл нийт 13 төсөл хэрэгжээд байна.

 

Уг төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудад хувь нэмэр болохуйц нийгмийн ухааны чиглэлд төвлөрсөн хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж байна. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын 18 төрийн албан хаагч хамрагдаж, Япон Улсын их дээд сургуулийн магистрантурт суралцах аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин