Түймэртэй нутгуудад бороо орж байна
2015-05-13

Хоёр аймгийн дөрвөн суманд ой, хээрийн түймэр гарч, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид, хилийн цэргийн алба хаагч болон нутгийн иргэд хамтран цурамд оруулсан байна.

Түймрийг цурамд оруулсан зарим нутгаар өчигдөр оройноос бороо орж эхэлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, нийт 172 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж заставын орчим буюу хойд хэсгээр цурамд оруулжээ. Тус нутагт өчигдөр оройн 18:00-01:00 цаг хүртэл бороо орсон байна.

 

Мөн аймгийн Ерөө сум  Бугант багийн “Ходоод” гэдэг газар гарсан түймрийг Онцгой байдлын газрын албан хаагч,  орон нутгийн иргэн  нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурамд оруулан цэвэрлэгээ хийж байна. Уг бүс нутагт бороо орж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутагт гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд ажиллаж бүрэн унтраажээ.

 

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутагт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд ажиллаж, түймрийг цурамд оруулаад байгаа аж.

 

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 136 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин