Болгар Улс зах зээлээ Азид тэлэхэд хамтрах сонирхолтой байна
2015-05-13

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Болгарын ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байгаа Айчлалын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

 

-Болгар улстай эртний харилцаатай орнуудын нэг нь Монгол Улс шүү дээ. Эртний сурвалж бичгүүдээс нь харах юм бол Болгарын хаадын нэрны ард дандаа “Хаан” гэж залгасан байдаг. Хөдөө аж ахуйн салбар, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэгээрээ социалист нийгэмд тэргүүлдэг байсан улс орнуудын нэг.

 

Манай улсын маш олон оюутнуудыг энэ чиглэлээр сургаж байсан. Эртний харилцаагаа улам бататгаж, IT  чиглэлээр оюутнуудаа сургая, хөдөө аж ахуйн тал дээр хамтран ажиллая. Европын холбооны гишүүн орон болсны хувьд, НАТО-гийн бааз суурь гэдэг үүднээс харилцаагаа улам бататгаж байна. Зах зээлийн үед хоёр улсын эдийн засгийн байдал аль аль нь хүнд байсан, харин одоо харилцаагаа сэргээж шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж үзсэн.

 

Энэ айлчлалын хүрээнд  зохиогдсон Бизнес уулзалтад манай Ерөнхий сайд оролцож өндөр ач холбогдол өгч байна. Энэ уулзалтад Болгарын талаас 40 гаруй, манай талаас 50 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Уулзалтын үеэр хоёр талын бизнэс эрхлэгчид түншээ олж, бие биедээ ашигтай хамтран ажиллах эхлэл тавигдсан гэж бодож байна.

 

-Аль нэг улсын айлчлал боллоо гэсэн ерөнхий мэдээлэл олон нийтэд гараад л өнгөрдөг. Тэгвэл Болгар улсын төрийн тэргүүний айлчлалаас бидэнд юу үлдэх вэ?

 

-Болгарын тал хөдөө аж ахуйн салбарыг юуны өмнө сонирхож байна. Болгар Улс хөдөө аж ахуй, тэр дундаа жимсний аж ахуй, хүлэмжийн  аж ахуй эрхэлж, хуучин зүүн европын орнуудыг хангадаг байсан туршлагатай. Энэ салбарт хэрхэн хамтран ажиллах талаар манай хөдөө аж ахуйн сайд ойрын үед Болгар Улс руу айлчлах үеэрээ нарийвчлан ярих байх.

 

Мөн IT  ийн салбар байна. Мэдээллийн технологийн салбарт сүүлийн 30 жилд тэргүүлж, шинэ IT-ийн компани бүртгүүлснээрээ Европдоо 3-т орж байна. Энэ хоёр чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Болгарын талаас зах зээлээ Азид тэлье гэсэн бодлого байгаа. Тэр хүрээнд хөдөө аж ахуйн салбарын “ноу-хау”-г нэвтрүүлж хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байна.

 

Хамтарсан үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ-ын Сибирийн зах зээлд нийлүүлэх тал дээр хамтран ажиллая гэсэн асуудлыг ярьж байна. Болгарын талын энэ сонирхол дээр түшиглэн манай улс гуравдагч орны түншээ сонгож, хамтран ажиллах бодлоготой нийцэж байгаа.

 

-Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2017 онд 131 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, мөн 4 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн “Хүний нөөцийн хөгжил ” төслийг тус тус хэрэгжүүлэх нот бичигт өчигдөр гарын үсэг зурлаа шүү дээ. Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн талаар тодруулж өгнө үү?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Япон улсад айлчлал хийх үеэр энэ сургалтын эмнэлэгийн асуудал анх яригдсан юм. Хоёр тал сайтар ярилцаад дэлхийн стандартад нийцсэн сургалтын эмнэлэг байгуулахаар шийдсэн. АШУҮИС-ийг түшиглэн байгуулж байгаа энэ эмнэлгийн газрын асуудал их цаг авсан. Их сургуулийг түшиглэн байгуулах тул энэ асуудалд БСШУЯ түлхүү оролцож, ЭМСЯ бодлого талаас нь оролцсон.

 

Хамгийн гол нь манай иргэд сүүлийн жилүүдэд сайн оношлогоо хийдэг гээд маш олноороо гадаадын эмнэлэгт очиж үйлчлүүлж байгаа. Урд хөршөөс эхлээд Энэтхэг, БНСУ, Тайланд, Сингапурт очиж байна. Сүүлийн жилүүдэд Япон руу эмчлүүлэх хүмүүс ч нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаараа гадаад руу манай баялаг урсаж байна гэсэн үг. Валют урсан гарч байна. Энэ сургалтын эмнэлэг бий болсноор эх орондоо чанартай эмчилгээ хийлгэдэг боломж бий болох юм.

 

Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг төсөл нь гараад Японы талаас 131 тэрбум үнэ өртөг бүхий бүрэн тоноглогдсон, 250 ортой эмнэлэг сургалтын төвийг барьж байгуулах, буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ жил барилгын ажил эхлээд дараа жилийн хавар гэхэд үндсэндээ дуусна. Гол нь Япон Улс өөрөө эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг улс. Тэгэхээр хамгийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг байрлуулна.

 

Сургалтын эмнэлэгт манай улсын эмнэлгүүдээс эмч нар очиж суралцаж, дадлагажихаас гэдна шинээр их сургуулиа төгсөж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  тодорхой хугацаанд ажиллаад дараагийн эмнэлгүүдэд хуваарилагддаг нэгдсэн төв болно гэсэн үг. Японы тал ашиглалтад орсоноос хойшхи 4-5 жилд менежмэнт дээр нь ажиллаж, зүгшрүүлсэний дараа манай талд бүрэн шилжүүлэх юм.

 

Яваандаа зөвхөн өөрийнхөө иргэдэд гэхгүй ойр орчмынхоо улс орны иргэдэд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн чанартай үйлчилгээ, шинжилгээ хийж өгөх зэргээр медиксал туризм хөгжүүлэх алсын зорилгын эхлэл тавигдлаа гэж харж байна.

 

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах энэ эмнэлэгийг япончууд өөрсдөө барьж өгөх үү?

 

-Япон инженерүүд хариуцана. Японы талын удирдлаган дор зураг төслөө хатуу чанга баримтлан жинхэнэ  япон стандартаар манай үндэсний компаниуд барина. Хамгийн гол нь эмнэлгийн тоног төхөөрөмж нь японых. Орчин үеийн анагаахын салбарт хэрэглэж байгаа тоног төхөөрөмж дээр анаагаахын мэргэжлээр төгсөж байгаа бүх оюутнууд, эмч нар давтан бэлтгэл, дадлага хийх сургалтын төв бааз болж байна.

 

-Энэ сургалтын эмнэлэгийг Баянзүрх дүүрэгт барина гэж  байна. Яг хаана нь баригдах юм бэ?

 

-Ботаникийн цэцэрлэгтэй холбоотой мэдээллийг харсан байх. Нэг хэсэг Ботаникийн цэцэрлэгийг дээрэмдэх нь гэж яригдаад байсан даа. Тэнд нийслэлтэй хамтарч, дүүргийн иргэдтэй нь хэд хэдэн удаа уулзалт яриа хийгдэж байж 8 га газарт энэ сургалтын бааз эмнэлгийг барихаар болсон.  

 

Барилгын талбайд байгаа мод бут, сөөгийг хашаан дотор нь шилжүүлэн байршуулна. Энэ ажлыг Япончууд өөрсдөө хариуцна. Мөн эмнэлгийн гадна дэлхийд хэдийнэ танигдсан япон загвартай цэцэрлэг байгуулна. Бүтэн жил хөөцөлдөж байж, Ботаникийн цэцрэлэгээс газар авч нийтэд тустай үйлд ашиглах гэж байна. Нөгөө талаар Ботаникийн хүрээлэнгийнхэн япон талтай  хамтран ажиллах боломж нээгдэж байгаа.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Сайд?:
Гадаадын харилцааны сайд гэж ийм хүн байдаг юм уу? Сайд гэмээргүй төрхтэй нөхөр юм.
2015-05-13
Зочин:
ДАНДАА Л БААХАН ХУДЛАА ШААНА ТЭНЭГ ЮМНУУД
2015-05-13
Зочин:
zoboo zoboo. emenleg bol tsetesrleg dotor baihad yg bolonoo..
2015-05-13