Монголын павильон Венецийн биеннальд нээгдлээ
2015-05-13

Италийн Венец хот энэ өдрүүдэд орчин үеийн урлагийн төв болж байна. Усан дээр орших уг хотын түүхийг Марко Поло, багт наадам, сонгодог урлаг тэргүүтэн нь бүтээдэг бол хоёр жил тутмын Венецийн биенналь орчин цагийнх нь нэрийн хуудас болжээ.

 

Энэ жилийн 56 дахь удаагийн биенналийн нэг онцлог нь Монгол Улс анх удаа оролцож буй явдал. Өдгөө дэлхийн 88 орон биеннальд өөрсдийн павильоныг босгож, хамгийн шилдгээ шалгаруулан илгээжээ. Түүнчлэн дагалдах урлаг соёлын 44 үйл ажиллагаа болж буй. Тиймээс Венецийн биенналь гагц дүрслэх урлагийн хэмжүүр болох бус, тухайн орны нүүр царай, илэрхийлэл болдгоороо үнэ цэнэтэй.

 

 

Уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нарын үзэсгэлэнгээс бүрдсэн Монголын павильон өнгөрсөн пүрэв гарагт Палаззо Морад албан ёсоор нээсэн. Тэгвэл биенналь олон нийтэд энэ сарын 9-нөөс эхлэн үүдээ дэлгэсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Монголын павильоны куратороор Калифорнийн их сургуулийн профессор Ц.Уранчимэг ажилласан бол төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Нийслэлийн ЗДТГ, албан ёсны түншээр Ром дахь Монголын ЭСЯ ажиллалаа.

 

 

Нээлтэд Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл, Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Ш.Одонбаатар, ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга н.Орхонтуул болон бусад зочид, төлөөлөгч оролцжээ.  Түүнчлэн Монголын павильоныг нээх төслийг санаачлагч, хариуцан ажилласан Монголын орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Б.Гантуяа, төслийн зөвлөх Дэвид Росс, урлаг судлаач, профессор Ч.Болдбаатар, “Хөх нар” төвийн тэргүүн Ё.Далх-Очир нээлтэд оролцсон юм.

 

Монголын павильон хоёр уран бүтээлчийн “Other home” үзэсгэлэнгээс гадна Венец хотын гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд Т.Энхболдын толилуулж буй монгол гэртэй перформансаас бүрдэж буй. Монголын зүгээс толилуулсан эдгээр үзэсгэлэн нүүдэлчдийн соёл, ухаанаас улбаатай Монголын орчин үеийн урлагийг харуулахаас гадна даяаршсан ертөнц дэх гэр орон хэмээх ойлголтыг авч үзсэнийг онцлууштай.

Shuud.mn
Сонин хачин