Монгол Германы цэргийн багийн бэлтгэлтэй танилцав
2015-05-13

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар албаны бусад хүмүүсийн хамт хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцлаа.

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 21 хоногийн өмнө бэлтгэлд гарсан бөгөөд хүн нэг бүрийн бэлтгэлээ хангаад Герман Улсын Зэвсэгт хүчний сургалтын багтай хамтарсан тасаг, салаа, ротын жигдрэлтийн сургалтыг явуулж байгаа аж.

 

Энэ үеэр сургалтын явцаас буюу цагийн байдал үүсгэж, хэрхэн үүрэг гүйцэтгэж буйг харуулсан хамтарсан үзүүлэх сургуулийг сонирхуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргийн багийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч Герман Улсын Зэвсэгт хүчний зарим алба хаагчдад дурсгалын зүйл гардуулсан юм. 

 

Герман Улсын Зэвсэгт хүчний сургалтын багийн хувьд өмнө нь Монгол Улсын Зэвсэгт хүчний  цэргийн багуудтай хамтарч ажиллаж байсан бөгөөд монголын цэргийн алба хаагчдыг сурах арга барил сайтай, аливаа зүйлийг маш хурдан хугацаанд сурч, эзэмшдэг гэж үнэлж байлаа.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хувьд 100 хувь ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд 6 дугаар сард ажиллагааны газар орныг зорих юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин