Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийж байна
2015-05-14

 

 


Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга  Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга  Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” гэж Монгол үг байдаг. Анх удаа НИТХ-ын даргатай уулзаж байгаа ч их дотно, сайхан байна. 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд  Улаанбаатар, Бээжин хотууд ах дүүс болсон. Тиймээс бид хөршийн бас ах дүү хотуудын хувьд найрсаг харилцаагаа хөгжүүлж, бүх талаар хамтран ажиллах ёстой. НИТХ-ын даргын анхны айлчлал хоёр хотын хурал хоорондын хамтын ажиллагааг нээсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон хэлэхэд таатай байна” гэв.



НИТХ-ын дарга Д.Баттулга “Бээжин хотын АТИХ-ын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон танд баярлалаа. Таны хэлсэнчлэн өнгөрсөн оноос Бээжин, Улаанбаатар хотуудын харилцаа бүх шатандаа шинэчлэгдэж, стратегийн харилцаанд дэвшил гарсан. БНХАУ-ын дарга Си Жин Пиний 2014 онд  Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Засаг дарга нар “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, Улаанбаатар, Бээжин хотууд ах дүү хот болсон. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид Бээжинд айлчлан хурал хоорондын харилцааг нээж байна. Цаашид хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үүд хаалга нээлттэй боллоо. Бидний  хамгийн их тулгамдаж байгаа ижил асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар хот 1,3 сая хүн амтай. Үүний 60 хувь нь гэр хороололд амьдарч өвлийн дөрвөн сарын хугацаанд 1 сая тонн нүүрс түлдэг. Тиймээс НИТХ “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д гол ач холбогдол өгч, айлчлалынхаа хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт-2015” уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.



Уулзалтын үеэр  хурлын дарга нар хотуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, бүтээн байгуулалт, дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт, боловсрол, хүмүүнлэгийн бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцов.



НИТХ-ын дарга Д.Баттулга, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга  Ду Дэ-инь-ийг төлөөлөгчдийн хамт тааламжтай цагтаа Улаанбаатар хотод зочлохыг  урьлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин