Гишүүд эрхээ хасуулсан эмэгтэйчүүдтэй уулзав
2015-05-14

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар өчигдөр Эмэгтэйчүүдийн хорих газар буюу Хорих 407-р ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус ангид өдгөө 331 эмэгтэй ял эдэлж байгаагаас 30 орчим хувь буюу 97 нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалт буюу бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлджээ.

 

Тэдний 20 нь удаан хугацаанд гэр бүлийн хүнийхээ хүчирхийлэл дор амьдарсан байна. Харин 26 хувь нь буюу 82 нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл анги буюу залилангийн хэрэг үйлджээ. Залилангийн хэрэгтнүүд дотор хадгаламж зээлийн хоршооны гэх дуулиант хэргийн эзэд цөөнгүй. Бусдын биед гэмтэл учруулсан 27, хар тамхины хэрэгт холбогдсон 12 ялтан бий. Хар тамхины хэрэгтнүүд жил ирэх тутам нэмэгдэж байгаа гэдгийг Хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж хэллээ. Гишүүд  мөн гэрийн бүрээс, монгол гутал, хөөрөгний даалин гэх мэт гар урлалын зүйлс үйлдвэрлэдэг Оёдлын үйлдвэр, номын сан, амьдардаг өрөө гэх мэт бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралтай танилцав.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн төслийн талаар эмэгтэйчүүдэд мэдээлэл өгч, санал солилцсон юм.  Тухайлбал, эмэгтэйчүүдийн олон жил нөхөртөө зодуулсан байдал нь өш санах зүйл анги руу шилжин ялыг нь улам хүндрүүлдэг, аргагүй хамгаалалтыг шүүх дээр юман чинээ боддоггүй, өмгөөлөгч нар ихэвчлэн давж заалдахгүй байхыг анхааруулдаг, анхны мэдүүлгээ ямар ч өмгөөлөлчгүй гол төлөв ажлын бус цагаар өгдөг гэхчлэн хуулийн гажуудлууд анхааралдаа авахыг бүсгүйчүүд хүсч байлаа.

 

Монгол Улсын хэмжээнд “хорихын” тодотголтой нийт 25 номын сан байдаг бөгөөд тэдгээрт ном худалдаж авахад зориулсан төсөв байдаггүй тул УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн номнуудаас хандивлахаа амласан байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Хүүхдийн хорих ангид ном хандивлаж байсан аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөлд нь хий орчихсон юм байх даа,
2015-05-14