ОУВС: Нүүрс, зэсийн хоорондох өрсөлдөөн үргэлжлэх болно
2012-01-04

Уул уурхайн салбар нь сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болж ирсэн хэмээн ОУВС-ийн Төсвийн Газрын техникийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг тодорхойлжээ.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь 2001 онд 20 хувьтай тэнцэж байсан бол 2010 онд 40 хувьд хүрч хоёр дахин нэмэгдсэн ба ашигт малтмалаас гаралтай ДНБ нэрлэсэн дүнгээр 3,4 триллион төгрөгт (2,5 тэрбум ам.доллар) хүрчээ. Монгол Улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний ихэнх нь экспортлогддог. 2010 онд ашигт малтмалын экспорт нь Монгол Улсын нийт экспортын 85 гаруй хувийг бүрдүүлсэн. Уул уурхайн салбар нь 2010 онд төсөвт бараг нэг тэрбум төгрөг буюу нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг оруулсан болно.

Одоогоор зэс ба нүүрс нь Монгол Улсын ашигт малтмалын хоёр гол бүтээгдэхүүн бөгөөд дунд хугацаанд мөн энэ хэвээр байх болно. 2007 оныг хүртэл Монгол Улсын ашигт малтмалын нийт экспортод зэсийн эзлэх хувь үргэлж 50 буюу түүнээс дээш хувьтай байсан. Зэсийн эзлэх хувь 2008 оноос эхлэн хоёр үндсэн шалтгааны улмаас нэлээд буурах болсон. Тэдгээр нь тухайн жил дэх зэсийн үнийн уналт ба хамгийн гол нь нүүрсний салбарын түргэн өсөлт юм. 2005 онд нүүрс нь Монгол Улсын ашигт малтмалын нийт экспортын зөвхөн 4 орчим хувийг бүрдүүлж байв. Гэвч 2006 – 2010 оны хооронд нүүрсний салбарын жилийн дундаж өсөлт 100 хувиас давсан болно. 2010 онд нүүрсний экспорт анх удаагаа зэсийн экспортыг давав.

Уул уурхайн хоёр гол төслийн нэг нь зэсийнх (Оюу Толгой), нөгөө нь нүүрснийх (Таван Толгой) тул нүүрс ба зэсийн хоорондох өрсөлдөөн үргэлжлэх болно. Дунд хугацаанд ашигт малтмалын нийт экспортод тэдгээрийн хамтдаа эзлэх хувь 80 хувиас давах тооцоотой байна.

Хэдийгээр 5000 гаруй ашиглалтын болоод хайгуулын лиценз олгогдсон байгаа боловч Монгол Улсын уул уурхайн салбар ихээхэн төвлөрөлтэй байна.Цөөхөн хэдэн компани төсөвт ордог уул уурхайн орлогын (төрөл анги бүрээр) дийлэнхийг оруулдаг.  Үнэхээр 2009 оны ОҮИТБС-ын тайлангаас үзвэл уул уурхайн хамгийн том 10 компани нь Засгийн газрын ашигт малтмалын орлогын бараг 95 хувийг бүрдүүлсэн байна. 2010 оны ОҮИТБС-ын урьдчилсан тоо мэдээнээс үзэхэд уг нөхцөл байдал бараг хэвээрээ үргэлжилж байна хэмээн судалгааны тайланд дурджээ.

Shuud.mn
Сонин хачин