4 тэрбум төгрөгийн төсөл зарна
2015-05-17

 

Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан  Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг их хурал хэлцэхээр болжээ. 

Үйлдвэржилтээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь хуулийн гол үзэл баримтлал гэдгээрээ энэ хууль баялаг бүтээгчдийн анхааралд байгаа юм.

 

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30,3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн статистик байна. Гэхдээ ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаа. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-ий 8.3 хувийг эзэлж байгааг салбарын мэргэжилтнүүд тооцож гаргажээ. Ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэж гаргасан бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа ч  бүтээгдэхүүний бүтцээр нь аваад үзэхээр  экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байгааг мөн онцолжээ. Боловсруулах үйлдвэр хөгжөөгүй байгаа хэрэг. Технологийн агууламж шингээж гадаад зах зээлд өрсөлдөж байвал үйлдвэржилт хөгжиж байна гэж ярихаар болно.

 

Аж үйлдвэрийн яамтай болсон халуун нүүрээр орж ирж байгаа үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд юу нь шинэ содон байна.  Энэ хуулиар түүхийгээр түүхий эд гаргаж байгаа аж ахуй нэгжүүд НӨАТ төлөх. Монголд  үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас оруулахад татвар тавих, зарим нэр төрлийн барааны импортын татварыг нэмэгдүүлэх зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн агуулга бүхий заалтууд суусан байгаа гэж байна.

 

Хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатайгаар нэг удаа олгох гэж байгаа заасан байгаа содон. Гэхдээ энэ бол улиг болсон гэж болохоор эзэндээ бууж очдоггүй заалт юм. ЖДҮ-ийн салбарт энэ мэт хөнгөлөлттэй, хүүгүй зээл олгох тухай хууль журам гарах боловч банкин дээр очоод нам боогддог. Хууль батлах нэг хэрэг харин хэрэгжилтийг хэрхэн хангаж амьдралд уялдуулахаа мартвал тэр нь цаас л болно.

 

Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлж нутагшуулсан бол экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгоно гэж заасан байгааг хууль санаачлагчид мөн онцолж байгаа. Энэ бол  үйлдвэрлэгчдийн хамгийн чухал цэгийг олж хатгасан үг өгүүлбэр мөн гэж баялаг бүтээгч нэгэн хэллээ.

 

...Үйлдвэрлэл хөгжинө гэдэг нь ерөөсөө л технологи нэвтрүүлэх. Аливаа шинэ технологийг нэвтрүүлэх нь мэдээлэл, судалгаа туршилт дээр явагдаж байж үр дүнтэй хэрэгжинэ. Харин манайд энэ процессоор  нь явах юм бол технологийнхоо сургийг гаргаж судалж байхдаа л дампуурна. Татварын давхардсан дарамтууд биднийг хойд өмнөх хормойгоо нөхөхөөс өөрийг харах бодож сэтгэх, гадагшаагаа хандаж хөрөнгө оруулалт татах боломж сэхээ өгдөггүй гэж тэр нэмж хэлсэн.

 

Эхлээд татварын бодлогоор үйлдвэрчлэгчдээ бодитой дэмжээд дараа нь банкнаас хэрэгжүүлж байгаа зээлийн бодлогоо эргэн харах учиртай. Үйлдвэрлэгчдэд урт хугацаатай зээл олгуулахын тулд арилжааны банкуудын зээлийн багцан дотор нь урт хугацаатай, бодит үйлдвэрлэлд чиглэсэн зээлийн эзлэх хувийн жинг Төв банкнаас шалгуур үзүүлэлт болгож тавих хэрэгтэй. Эргээд түүндээ хяналт тавиад эхэлбэл арилжааны банкууд эх үүсвэрийнхээ тодорхой хувийг яг үйлдвэрлэлд олгодог болгоно. Үүн дээр хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжсэн эрх зүйн орчноо сайжруулж татварын орчноо цэгцлэх ёстой. Энэ бүхнийг цогц нэгдмэл хийсний эцэст үйлдвэрлэлийг дэмжих энэ хууль хэрэгжих бодит суурь бий болно гэсэн байр суурийг баялаг бүтээгчид нь хэлж байна.

 

Сүүлийн үед хуулийн үзэл санаа ч их популист шинжтэй хөнгөлөлттэй зээл өгнө, гаргасан зардлыг буцааж олгоно гэсэн заалтууд дээр суурилах нь их болсон тухай ч үйлдвэрлэгчид сануулж байна. Баталсан хуулиудыг нь хэрэглээд босоод ирье гэхээр салбар яамнаас нь гаргасан холбогдох журам, босго шалгуур нь өндөрсөөд авилга үнэртээд явчихдаг. Судалгаагүй уялдаагүй байдлаар тунхагийн шинжтэй хууль бөөндөх нь зүгээр байгаа хэдийгээ хий бужигнуулж цаас цагийг нь үрдэг жишээ бий.

 

2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд нэг их наяд төгрөг зарцуулахаар болж  888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран хийж байлаа. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг сонгож аваад эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг судалж, эхний шалгаруулалтыг хийсэн гэж жил хагасын өмнөхөн сүржин зарлаж байсан.  

... Зээлийн  хүүгийн хувьд есөн  хувиас  илүүгүй байхаар тооцооллыг гаргаж, эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй, зөвхөн хүүгийн төлбөрийг төлнө. Шалгарсан төслүүд зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авна...

Энэ дуулиант үйлдвэржилтийн аян одоо юу болсон бэ. Шалгарсан 888 төслийн  ядаж наян найман ААН- нь банкны босго давж зээлээ авч чадсан уу.

 

Адууны өлөн гэдэс боловсруулахаас эхлээд скоч хийх, електроникийн эд анги эх хавтан угсрах , LED LCD  телевиз , замын хавтан хийх, тусгай зориулалтын машин, хүнд машин механизмд хэрэглэх техникийн тос үйлдвэрлэх гээд бүгдийг нь дэмжчихвэл гаднаас юм авахаа больчих шахуу төслийн жагсаалтыг сонин хэвлэлд гаргаж байсан. Энэ жагсаалтын 757 нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл байна гэж баялаг бүтээгчдийн зүрхийг хөөргөж байлаа. Харин удалгүй "Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн 888 төсөлд шалгарсан 4 тэрбум төгрөгний төслийг зарна" гэсэн зар сонин дээр байх нь содон харагдах болсон.

 

Тэр их хөрөнгийн  баталгаа барьцаа байхгүй тул банкны чангалааг барахгүйгээ мэдсэн компаниуд төслөө зарж шархаа нөхөх байдалд хүрсэн хэрэг. Үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого ингэж л амьдралд буудаг. Чингис бондын мөнгөнөөс босоод ирчихнэ гэж итгэж байсан үйлдвэрлэгчид дээрх 888 дотор бараг цөмөөрөө багтана. Шоу тал нь давамгайлаад ирсэн дээрх үйлдвэржилтийг дэмжих төсөл одоо аль нэг төрийн яаман дээрээ байгаа л байх. Санаачилсан засгийн газар нь огцорсон тул сайхан төсөл байлаа гээд цааш хэрэгжүүлэх алхамыг хийх залгамж чанартай үйл ажиллагаа манай төрд алга. Одоо үйлдвэрлэлийг дэмжих хуулиар үйлдвэрлэгчид дахиад л нэгийг чимээлнэ, горьдлого тээнэ. Хууль хэрэгжих болоод ирэхээр огт өөр дүр зураг бий болдог.

 

Чадалтай цөөхөн хэдэн компанид хаялга нь гардаг, төв банкнаас явуулж байгаа мөнгө зээлийн бодлоготойгоо уялдаагүй, төсөв мөнгөний чадамж дээрээ суурилаагүй наанаа сайхан заалттай цаанаа амьдралд буухгүй хуулиуд  ихээр төрүүлэх нь хөгжлийн замд бодитой дэмжлэг болохгүй “шоу” болоод байгаа жишээ олон. Үүнийг үйлдвэрлэгчээс экспортлогч болохоор эрмэлзэж байгаа салбарынхан төрд хэлье л гэж бодож байгаа.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Ном:
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховр хуучин 20 30-д оны хэвлэлүүд , Монголын болон дэлхийн сонгодог романууд аас бүрдсэн номын сан зарна,
2015-05-17