Алгуур өгсөх эдийн засаг
2015-05-18

Монголын эдийн засагт эерэг дохио ирлээ. Эдийн засаг энэ оны эхний хагас жилд бодит хөрсөн дээрээ буужээ. Өнөөдрийн байдлаар зарим улстөрчийн хөмсгөө зангидан, хоолойгоо шахан, эмгэнээд байгаа шиг эдийн засаг “элгээрээ хэвтчихээгүй”, “Стэнд бай”-ийг ч ярих цаг биш, яагаад гэвэл бид тойроод гарчихсан. Өнөөдөр улсын төсөв 250 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай, гүйцэтгэл 13 хувийн тасралттай явж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалтаас “сохор зоос” орж ирээгүй энэ үед эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй явж байгаа нь сайшаалтай. ОУВС манайхыг 3 сарын нөөцтэй гэсэн бол манай тооцооллоор өнөөдрийн байдлаар зургаан сарын импортын хэрэгцээг хангахаар валютын нөөц байгаа аж. Учир нь ОУВС төсөөллийн аргачлал манайхаас зөрүүтэй. ОУВС төсөөллөө бараа үйлчилгээний аргачлал дээр тулгуурладаг байна.

 

Ер нь эдийн засгийн өсөлтийг 2014 оны түвшинд барих бодлого барьж байгаа юм билээ. Сангийн сайд төлбөрийн тэнцлийн алдагдалд санаа зовж байсан. Тиймээс ч төлбөрийн тэнцлээ алдагдалгүй болгохын тулд эрэлтийг хумих бодлого барьж байгаа юм билээ. Гэхдээ эдийн засагчид оны эхний зургаан сард төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарна гэж урьдчилан таамаглаж байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк 540 сая ам.долларын бондыг гадаадын зах зээлд гаргасан. Үүн дээр төлбөрийн +-250 тэрбум төгрөгийг нэмэхээр +250 тэрбум төгрөг болох дөрвөн аргын тоог хэн ч тооцоолчихно.

 

Гадаад худалдаа эдүгээ эерэг үзүүлэлттэй болсон. Өмнө нь дандаа алдагдалтай гардаг байсан гадаад худалдаа анх удаа эергээр, тэр дундаа 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олжээ.

2000 төгрөгтэй тэнцээд байсан валютын ханш 40-50 төгрөгөөр буурч, Монголбанкинд валют худалдан авах санал ч ирээгүй байна. Үүнийг валютын эрэлт буурсантай холбоотой гэж банкирууд тайлбарлаж байна лээ. Өнгөрсөн хугацаанд импорт хамгийн хурдацтай буурсан байна. Үүнийг хөрөнгө оруулалт байхгүй болсноор тайлбарлаж байгаа ч нөгөө талдаа иргэдийн худалдан авдаг хүнс, бараа бүтээгдэхүүнтэй ч холбоотой. Нийгэм нийтээрээ тансаг хэрэглээнээс татгалзсан. Ийнхүү эдийн засаг хурдтай биш ч алгуурхан дээшилж байна.

 

Эхний улирал, хагас жилд төсвийн данс нимгэрдэг нь улирлын онцлог, төсвийн жилтэй холбоотой байдаг. Тиймээс ч Засгийн газар ерөнхийдөө хүнд үеэ төсвөө хэмнэж, зардлаа танаж, тансаг хэрэглээнээс бүрмөсөн татгалзан байж эдийн засгийн хүндрэлтэй байсан эхний хагас жилийг амжилттай давж чадлаа. Басхүү гадаадын хөрөнгө оруулалтгүй, улсын дансны үлдэгдэл мөнгө, татвар хоёроор шийдлийн Засгийн газар иргэдийн цалин, тэтгэврийг тасалдуулалгүй, хөөсөрсөн эдийн засгийг газрын хөрсөнд буулгалаа. Басхүү парламент дахь улстөрчдийн шүүмжлэлийн суманд шүршүүлсэн ч тэсвэр заан туулж өнөөдрийг хүрлээ.

 

“Муу найзаас сайн дайсантай байсан нь дээр” гэдэг ардын үгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн хагас жилийн хугацаанд ясандаа тултал ойлгосон биз. Хөндлөнгөөс ажихад түүнд парламентад “нөхөд байхаас дайсан үгүй мэт” улс төрийн бүх намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлсэн. Харин парламентад суудалтай хүчнүүд байтугай өөрийнх нь намын эрхмүүд ч түүнийг түлхсэнээс бус түшиг болоогүй. Улс төр хатуу тоглоом хэдий ч жудаг, тулх хэрэгтэй гэдгийг замын уртад бодууштай. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд толгой гудайлгүй, улстөрчдийн хийрхэл, цуурхал, хатгаасанд тэвчээр алдан савчилгүй,  ноён нуруу заан, асуудалд тулхтай хандаж чадсан нь Ч.Сайханбилэгийн, Шийдлийн Засгийн газрын амжилт. 

 

Нэгэнтээ мөнгөгүй, гадаадын хөрөнгө оруулалтгүй, Чингис, Самурай бондын өр нэхэгдэх мөчлөг тулсан, төсөв мөрөөдлийн жагсаалтаас бүрдсэн үед Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Тиймээс ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуулийн хугацаандаа батлагдаад, үйлдвэрээс товхимол болон хэвлэгдсэн шинэхэн үнэр нь ч хатаагүй байсан 2015 оны төсөвт тодотгол хийхээс ажлаа эхэлсэн билээ. Парламентаар төсвөө тодотгуулан, санхүү, дансаа цэгцэлж шинэ Засгийн газрын тэргүүнийг экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ч.Сайханбилэг ээ, наад популизмаа зогсоож, цалингаа тавь” хэмээн даапаалж байсан удаатай. Шинэ Засгийн газар тэр үед төсөвт тодотгол хийж, нэг их наяд төгрөгөөр хумиагүй бол өнөөдөр цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй, эдийн засаг дампуурал зарлах байсан байж ч болох.

 

Гэхдээ өнөөдөр эдийн засаг бодит хөрсөн дээрээ бууж, эдийн засаг хурдтай биш ч алгуурхан өсөлттэй явж байна. ХХБ-ны гадаадын зах зээлээс босгосон 540 сая ам.доллароос гадна Засгийн газарт 600 сая ам.долларын зээлжих эрх байгаа. Зарим банк гадны зах зээлээс 300 сая ам.доллар оруулж ирэх магадлалтай. Энэ хэрээр валютын нөөц өсөх юм. Цаашлаад Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжүүлж, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт хийх хэлэлцээ хийж, санамж бичиг үзэглэн, эхний ээлжинд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгалаа.

 

Гадаадын ямар нэг хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг алгуурхан өсөлттэйгээр явж болох ч бидэнд урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд асуудалтай. Хэрвээ эдийн засгаа хурдтай сэргээн хөгжүүлье гэвэл бидэнд зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс “Оюутолгой”-д хангалттай хаширч, туршлагажсан улстөрчид өнөөдөр “Тавантолгой”-г парламентаараа хаалттай хэлэлцэж байгаад шуурхай хөдөлгөх хэрэгтэй билээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
bbbbb:
Unenuuu
2015-05-18