Удирдах зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулна
2015-05-18

Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн өдрүүдэд Монголын чөлөөт бөхийн холбооны талаарх асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга, шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, тус холбооны хуульч Г.Батмөнх, нягтлан бодогч Д.Бямбадулам нар мэдээлэл хийлээ.

 

Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хорооноос мэдээлэл хийхдээ хэд хэдэн асуудлаар МЧБХ-г буруутгасан. Харин өнөөдөр уг асуудалд тайлбар хийсэн юм. Мэдээллийн эхэнд МЧБХ-ны хуульч Г.Батмөнх “МЧБХ нь гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Холбооны дүрмийн дагуу удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж дүрэмд өөрчлөлт оруулаад ерөнхийлөгчийг сонгосон. Энэ үйл явцад хууль бус юм байхгүй. Д.Дагвадорж МЧБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч” гэдгийг онцолсон.

 

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон шигшээ багийн гурван тамирчны хил нэвтэрч чадаагүй асуудалд тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тайлбар өгөв. Тэрбээр “Тэмцээнийг зохион байгуулагч Катарын Бөхийн холбооноос тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг тус улс руу визгүй нэвтрүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Тиймээс бид тамирчдын нэр, тоог өгсний үндсэн дээр зохион байгуулагч талаас Катарын хилээх нэвтрэх зөвшөөрлийн хуудас ирүүлсэн. Виз бус зөвшөөрлийн хуудас ирсэн. Үүнийг гадаад паспортын хамт шалгуулаад хилээр нэвтрэх ёстой. Бид хуурамч виз тамирчдад авч өгөөгүй. Процедурын алдаа гарсан. Тэгэхээр хариуцлага тооцно. Удирдах зөвлөлийн хурлыг ойрын хугацаанд хуралдуулна” гэж ярьсан. Мөн тамирчдыг саатуулахад арга хэмжээ аваагүй гэдэг яриаг үгүйсгэж,  хамтарч ажиллаж, тусалсан хүмүүст баярлалаа” гэж хэлсэн.

 

Мөн МЧБХ-г санхүүгийн орлогыг тайлагнаагүй гэдгийг түр хорооноос мэдээлж байсан Тэгвэл МЧБХ-ны нягтлан бодогч Д.Бямбадулам “2013, 2014 оны тайланд тэмцээнүүдээс орсон орлого, санхүүгийн тайлан бүрэн орсон байгаа. 2013 оны Өсвөрийн ААШТ-д оролцсон гадны улс орнуудын  тамирчдын хураамжаас 232.1 сая төгрөг төвлөрсөн. Тэмцээний нийт зардал 301.8 сая төгрөг болсон. Үлдэгдэл санхүүжилтийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан. 2014 оны Залуучуудын ААШТ-д оролцсон гадны улс орнуудын  тамирчдын хураамжаас 418.4 сая төгрөг хуримтлагдсан. Уг тэмцээний зардал 420.2 сая төгрөг болсон бөгөөд тамирчдаас авсан хураамжаар тэмцээн зохион байгуулагдсан гэсэн үг” гэлээ.

 

МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш нар “Харамч хахираар нь дуудаад байгаа Д.Дагвадорж МЧБХ-г удирдаад хоёр жил болохдоо хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж, өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаан зохион байгуулах эрхийг эх орондоо авчирсан. 2016 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад авчирлаа. Энэ бол том гавьяа. 1983-2008 онд 25 жилийн хугацаанд 16 медаль авсан байдаг бол 2009-2014 оны хооронд чөлөөт бөхийн тамирчид 17 медаль хүртжээ. Энэ бүхний ард маш том баг байдаг. “МЧБХ-ны 2010-2014 оны санхүүгийн тайлангаас харахад нийт орлогын 70 орчим хувь нь удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгчдийн хандив тусламжаас бүрдсэн байдаг” гэж ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn Харин МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид энэ хугацаанд 3 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт зэрэг тамирчдадаа зориулсан ажлыг хийжээ. Би тамирчдыг айлгаж дарамталсан удаа нэг үгүй. Харин шаардлага тавьдаг. Тамирчдын эрхэм зорилго бол эх орныхоо нэрийг дэлхийд мандуулах. Спорт бол маш их тэмцэл дунд явдаг. Би өөрөө тамирчин хүн учир сайн мэднэ.

 

Пүрэвбаатар багшийн хэлсэн шиг “ална шүү п.... минь” гэж тамирчнаа дуудсан удаа байхгүй. Тамирчдаа дэмжээд аль болох эвийг нь тааруулж харьцахыг хичээдэг. Энэ үгийг сонсоод жаахан гонсгор байгаа. Түр хорооноос ирүүлсэн шаардлагад намайг дарангуйлагч, бялдууч, засрашгүй этгээд... гэж бичсэн байсан. Энэ бол шаардлага биш доромжлол. Нэг тогооноос хоол идэж байгаа хүмүүсээ яагаад ингэж гутаан доромжилж байгаа юм бол. Энэ асуудал дээр хуулийн байгууллагад хандах эсэхээ шийднэ” гэж хэлсэн.

 

Түүнээс Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй гурван тамирчин ДАШТ-д оролцох уу? гэхэд Оролцоно. Жин тус бүртээ төлбөр хураамжаа төлөөд оролцоно гэдэг хариулыг өгсөн юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 тусдаа холбоо байгуулчих доо тэгээд л өрсөлдөөч дээ
2015-05-19
bg:
Bas l uuriiguu umuuruud uher tsarailaal yajiina. Odoo mgl chuud hen ni hen be gedgiig medsen huu odoo bolij uz. Zugeer naad holboogoo chaddag t ni uguud zailsan deer.
2015-05-18