Залуус бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч
2015-05-19

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын Залуучуудын холбоо хамтран Азийн Залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж буй арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Их танхимд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон нар өнөөдөр  Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.

 

 

Мөн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр өнөөдөр нээлтээ хийж байгаа “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн юм .

 

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэхдээ, Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгож байгаад энэхүү чуулганы зорилго оршиж байгааг онцоллоо. Мөн тэрээр, чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгчид оролцож хоёр өдрийн турш Азийн болон дэлхийн хөгжил, тэдний улс орондоо оруулах хувь нэмрийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцоно гэдгийг хэллээ. Түүнчлэн аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг гэдгийг тэмдэглэв.

 

Дэлхийн Залуучуудын Ассамлейн Ерөнхийлөгч Идрис Харон хэлэхдээ, Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр хэмжээний ач холбогдол өгч байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотод Дэлхийн Залуучуудын Ассамблейн суурин төлөөлөгчийн газар байгуулахад төвлөрөн ажиллана гэлээ.

 

Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин