АН-ын залуус шинэчлэлийн хөдөлгөөн байгуулжээ
2015-05-19

“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд дэмжигчид  оролцов. АН-д дүрмийн, хариуцылагын боловсон хүчний шинэчлэл хийх, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх шаардлагын дор “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” байгуулагдсан тухай мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнөөр нийгэм эдийн засаг, улс төрийн талаар илтгэл тавигдлаа. Энэ үеэр АН-ын нийт гишүүд дэмжигчиддээ хандсан “Уриалга” гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж байгаа аж. Мөн АН-ын их хурлыг ирэх зургаадугаар сард багтаан хуралдуулахыг шаардаж, намын дүрмийн шинэ төслийг хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн онцоллоо.

 

Бид нам дотроо хагалган бутаргах гэсэн санаа агуулаагүй

 

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р.Шинэгэрэл “Ардчилсан намын залуучууд санаачлан шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлэхээр сар гаруйн өмнө намын их хурлын  үеэр АН-ын үндсэн дүрмээ шинэчлэхийг намын удирдлагуудаасаа хүссэн. Харамсалтай нь манай намын удирдлагууд хүлээж аваагүй.

 

Хүлээж аваагүйгээр барахгүй нам дотроо үгээ хэлсэн залуучуудыг хүчний байгууллагуудаар шалгуулах, ажил албанаас нь халуулах, хамтран ажилладаг компаниудыг нь шалгах, ах дүүсийг нь айлгах асуудал тухайн залууст илэрсэн. Тэгээд бид тухайн залуусаа дэмжээд АН-ын шинэчлэх хөдөлгөөний байгуулж байна. Энэ хөдөлгөөн маань АН-ын дүрмийн, хариуцлагын, бодлогын шинэчлэлийг хийж, АН-ын их хурал зохион байгуулахыг шаардаж байна.

 

Аливаа байгууллагын бүх зүйл өөрчлөгдөж шинэчлэгдаж байдаг. Бид нам дотроо хагалган бутаргах гэсэн санаа агуулаагүй, харин намын бүх гишүүдийн оролцоог хангахыг зорьж байна. Одоо байгаа намын бодлогыг илүү хүний төлөө болгохын тулд ажиллаж байна. Бид дэргэдээ эрдэмтдийн зөвлөлтэй, намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэгтэй ажиллаж байна” гэлээ.

 

Засаглалыг барьж байгаа нам дотроо эрүүл байх ёстой

 

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар

 

-Шинэчлэлийн хөдөлгөөний цаана улстөрийн томоохон эрх мэдэлтэй хүн байгаа гэж яриа байна. Ер нь ийм хөдөлгөөнийг хэн нэгний захиалгаар хйисэн гэж харддаг шүү дээ?

-Бид намын хэн нэгэн лидерийн гар хөл болоогүй.  Өнөөдөр намын анхан болон дунд шатны гишүүд нэгдэж, энэ анхны зөвлөгөөнийг хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж зорилт тавиад 25 жил болоход тэр хүссэн нийгмээ байгуулж чадсан уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд бат бэх байж чадаж байна уу. Хүмүүнлэг буюу хүнээ дээдэлж чадаж байна уу, иргэнлэг буюу иргэнээ сонсож чадаж байна уу чинь өөрөө Ардчиллын үнэт зүйл юм.

 

Тэгэхээр ардчилсан хувьсгалыг хийсэн энэ Ардчилсан нам маань өнөөдөр өөрчлөгдөж, шинэчлэгдэж энэ зорилтуудаа цааш нь хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэрвээ АН шинэчлэгдэж чадахгүй юм бол улс орныг ядуурлын туйлд хүргэж, авилгалын сүлжээнд оруулсан энэ намууд цааш авч явна. Энэ бол Монголын ард түмний хүсээд байгаа зүйлс биш.  Тийм учраас АН өөрөө шинэчлэгдэж, дотоод ардчиллалтай болж байж, өөрөө манлайлагч байж, хувь хүний үзлээр биш улс орны хүчирхэг институц нам болоод улс орныхоо хөгжлийг цааш нь авч явах ёстой гэсэн үзэл баримтлал дээр нэгдсэн залуучууд, мөн манай намын дунд шатны намын хорооны гишүүд, удирдлагууд нийлж өнөөдрийн шинэчлэх хөдөлгөөнийг байгуулж байгаа юм.

 

-Таны хувьд Дархан-Уул аймгийн Ардчилсан нам доторх асуудлыг шийдэж чадаагүй гэж үздэг. Өөрийн хариуцсан байгууллагынхаа учрыг олоогүй байж төв намынхаа шинэчлэлийг хийх нь хэр үнэмшилтэй юм бэ?

 -Нам бол засаглал ярьдаг. Засаглалыг барьж байгаа нам дотроо эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд дүрмээ мөрдөх ёстой. Дархан-Уул аймагт 2 жилийн өмнө намын дотоод шинэчлэлийг хийнэ гэж өлсгөлөн зарлаж байнсан. 25 жилийн өмнө манай намын ах нар маань улстөрийн том системийн өмнө өлсгөлөн зарлаж байж өнөөдрийн ардчиллыг хийсэн. Гэтэл эргээд тэдний удирддаг намын дотоод ардчиллыг бий болгохын тул гишүүд нь өлсгөлөн зарлана гэдэг нь том сигнал. Тийм болохоор дүрмээ мөрдөж чадахгүй нам цаашаа явж чадахгүй гэж харсан юм.

 

- Залуучууд ажил хэрэгч санал тавьж, улс орны хөгжлийн гарц ярих ёстой  атал улс төржүүлээд байгаа юм бэ?

-Манай нам хоёр удаа засгийн эрхийг атгаж байна. 1996 онд бас л фракцийн зодооноосоо болоод Засгийн газар нь хэд хэдэн удаа огцорч байсан. 2012 оны сонгуулийн дараа энэ байдал давтагдаж байна. Шалтгаан нь фракцийг бий болгодог намын дүрмэнд учир байна. Тэрнээс биш Н.Алтанхуяг,  З.Энхболд намын лидерт асуудал байгаа юм биш. Харин намын дүрмэнд асуудал байна гэж үзээд эхлээд энэ алдааг засаачээ гэдэг асуудлыг л ярьж байна.

 

“Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн энэхүү уулзалтын үеэр нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргасан аж. Уг уриалгад дурьдсаныг сийрүүлбэл, “АН-ын гишүүд ээ бидэнд эв нэгдэл ус  агаар мэт дутагдаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх болон Ерөнхийөлөгчийн институцийн түвшинд үл ойлголцож, засаглалын хямралд улс орныг хөтөлж байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан зарим хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч тэр үетйн алдаагаа давтсаар сууна. Бид төрийэ түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Хувийн өчүүхэн эрх ашгаа эх орончийн шударга дүрээр халхавчилж,  хэлбэрдэх явдал газар авлаа. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна.

 

Жирийн гишүүд залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан, цөөн хэдэн хүнд үйлчилдэг намыг бид хүсээгүй. Намын үйл ажиллагааг эрүүлээр шүүмжилж, дотоод ардчиллын төлөө үгээ хэлсэн гишүүдийг гадуурхан хавчиж, айдаст автуулдаг дарангуйллын талаарх мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нам дамжсан олигархи бүлэглэлүүд монголын төрийг удирдах ёсгүй.

 

Иймээс өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, Ардчилсан намын ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулах, АН-д бодлогын хариуцлагын, хүний нөөцийн шинэчлэл хийж, санхүүжилтын нээлттэй, ил тод байдлыг бий болгох санаачлагад идэвхитэй нэгдэж,бүх шатны намын байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ илэрхийллийг намын бүх гишүүддээ уриалж байна”  гэжээ.

 

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яасан юм боддоггүй залуус вэ. Ухаан санаа нь эрүүл л байх даа. Түүхийн хуудаснаа үлдэж байгаа намыг дарах гэж байна уу. дагаар орох гэж байна уу. Ард түмний саналыг луйварддаг явдал үргэлжлэхгүй шүү гэдгийг сайн тунгаасан биз дээ. Өөрчлөх ямар ч боломж байхгүй. Харин цоо шинэ улс төрийн хүчин бол байж болно. Гэхдээ ардчилагчид биш шүү.
2015-05-19