20 хүнийг цаазалжээ
2015-05-20

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр нийслэл Багдад хотоос 112 км-ийн цаана байрлах Рамади хотод эрхээ тогтоосон билээ. 10 гаруй хоног үргэлжилсэн тулааны дараа армийнхан ухралт хийж, хэт даврагчдад хотоо алдсан юм. Тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэт даврагчдад алдсан хотоо эргүүлэн авахаа амлаж, АНУ тэргүүтэй холбоотон орнуудаас тусламж хүсээд байна.  Тэгвэл хэт даврагчид өчигдөр Рамади хотын төвд ялалтын баяраа хийсэн бөгөөд энэ үеэрээ тус хотын 20 иргэнийг цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тус хотын баячууд, өндөр албан тушаалтнууд байсан хэмээн тагнуулчид мэдээлсэн байна. Хэт даврагчид гэмгүй иргэдийг цаазалсан шалтгаанаа “Биднийг тайван орхихгүй бол олон хүн амиа алдах болно” гэжээ.

 

Рамади хотноо олон түүхийн дурсгалт бүтээлүүд хадгалан үлдсэн бөгөөд Ерөнхий сайд хэт даврагчид эдгээр дурсгалын зүйлст гар хүрэхээс нь өмнө хотыг эргүүлэн авах болно гэсэн байна.  Хэт даврагчид өнгөрсөн сард Мосул хотноо байрлах 1000 гаруй жилийн настай хэд хэдэн музейд халдаж, үзмэрүүдийг нь эвдэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин