Лос анжелес хот 2018 онд хөлбөмбөгийн бас нэг багтай болно
2015-05-20

АНУ-ын Мэйжор Лиг Соккерт 2018 онд Лос Анжелес ФК нэртэй шинэ баг бий болно. Харин тэд шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ асуудлыг шийдсэн байна. Багийн удирдлагууд одоогийн Лос Анжелес Спортс Аренаг шинэчлэн сайжруулах шийдвэрт хүрчээ. Үүний хүрээнд тэд өмнөд Лос Анжелест 250 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 22,000 үзэгчдийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн босгох юм байна. Алдарт сагсан бөмбөгч Мэжик Жонсон тус хөлбөмбөгийн шинэ багийн хувьцаа эзэмшигчдийн нэг билээ. Тэд өчигдөр багийн цэнгэлдэх хүрээлэнгийн төлөвлөгөөний талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

 

 

Одоогоор шинэ багийн нэр Лос Анжелес Фүүтбол клүб гэж явж байгаа ч өөрчлөгдөх магадлалтай. Лос Анжелес хотод одоогоор ЛА Галакси гэсэн хөлбөмбөгийн баг бий. Тэд улсынхаа лигт нийт 4 удаа түрүүлжээ. Шинэ баг өнгөрөгч оны 10-р сард анх олон нийтэд танилцуулагдсан бөгөөд нийтдээ 22 хүнээс бүрдсэн эзэдтэй. Харин хувьцааны ихэнх хэсгийг Вьетнам гаралтай Америкийн иргэн Хэнри Нгуюн, Голден Стэйт Уорриорс багийн хувьцаас эзэмшигч Петер Губер болон НБА-ийн аналист Том Пэнн нар эзэмшиж байна.

 

 

Хамгийн сүүлд Лос Анжелес хотод баригдсан томоохон хэмжээний задгай цэнгэлдэх хүрээлэн бол 1962 онд баригдсан Доджер стадион юм. Харин одоогийн шинэчлэн сайжруулах гэж байгаа Спортс Арена 1959 онд баригдсан бөгөөд 1960-67 оны хооронд НБА-ийн Лос Анжелес Лэйкерс багийн талбай, 1984-1999 онд Лос Анжелес Клипперс багийн талбай байжээ.

Shuud.mn
Сонин хачин