Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэлэлцэхийг дэмжив
2015-05-20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шийдэв.

 

Манай улс эрчим хүчний салбарт хамааралтай хөгжлийн төсөл хөтөлбөрийг боловсруулан гаргаж, зээл тусламжаар дэмжиж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэргээс үүдэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлага үүсчээ.  Иймд Засгийн газраас энэхүү шаардлагад нийцүүлэн уг баримт бичгийг УИХ-ын түвшинд оруулж ирсэн байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого нь  гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд стратегийн 6 зорилго, 26 зорилтыг тодорхойлж, тэдгээрийг 2015-2023 он, 2024-2030 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжихээр төслийг боловсруулжээ.

 

Хэлэлцүүлгийн шатанд Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, “Өнгөрсөн жил эрчим хүчний салбар 65 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Өнөөдөр төрийн өмчит 22 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний хоёр нь л ашигтай ажилласан гэсэн дүн мэдээ гарсан. Өнөөдөр олон улсын зах зээл дээр 1 кв/цаг эрчим хүчний дундаж үнийг 10-11 центээр тооцож байгаа. Манай орны хувьд үүнээс доогуур буюу 6 цент орчим байна. Ер нь энэ салбарыг оновчтой бодлого, үйл ажиллагаагаар хангасан тохиолдолд ашигтай ажиллах бүрэн бололцоотой” гэсэн тайлбарыг өгч байсан юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд эрчим хүч үйлдвэрлэгч гэдэг ойлголтыг өрх, гэр бүл рүү чиглүүлж, нар салхины сэргээгдэх эрчим хүчний хавтангийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд салбарын яам онцгой анхаарах шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа.

 

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эрчим хүч экспортлогч орон болно гэсэн зорилтоо хугацаа зааж, хойш тавилгүй ажил хэрэг болгох нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан монгол орон Ази дахь эрчим хүчний том тоглогч болох гэсэн зорилтынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн юм. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулахад уг тогтоолыг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

 

Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин