Зарим барааг гаалийн татвараас чөлөөллөө
2015-05-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 15 орчим хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.   УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталсан юм. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийв. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталжээ.  Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг байна.

 

Ийнхүү ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогоос тухайн орон нутагт хуваарилагдах орлогын хэмжээ хангалтгүй байгаагийн улмаас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар уул уурхайн салбарын хөгжлийг удаашруулах сөрөг нөлөө гарчээ.  Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй  гэж үзсэн байна.

 

Ашигт малтмалын газар нь 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 487 өргөдөл хүлээн авсанаас 30 хүсэлтийг орон нутаг хүлээн зөвшөөрчээ.

 

Олон улсын туршлагаас үзэхэд Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг мужийн түвшинд татан төвлөрүүлж тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог байна. Орон нутаг ашигт малтмал ашигласны үр өгөөжийг шууд хүртсэнээр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж, улмаар бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг аж.

 

Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.  Гишүүд хэлэлцээд уг хуулийн төслийг баталсан юм. Дараагаар нь Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлгээр нь батлав.

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон байна.

 

Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн “Австрийн экспортын санхүүжилтийн системийн дэмжлэгтэйгээр олгогдсон албан ёсны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэсвгэр дээр ногдуулах Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөлөөгдөнө” гэж заасан байгаа бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал хэлэлцээрийн хүрээнд зохицуулагдаагүй байна.

 

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас мөн чөлөөлөх бодитой шаардлага тулгарчээ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, энэхүү хуулийг мөрдөж эхлэх хугацааг тус тус тусгасан болно.

 

Хуулийн төсөл батлагдснаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглан, нийгэм, эдийн засагт бий болж болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг арилгах, үүсэн бий болох эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэх ажээ. Уг хуулийн төслийг байнгын хорооны саналын дагуу анхны хэлэлцүүлгээр хэлэлцэн баталлаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин