Шинэ нисэх буудлын ажил 2016 онд дуусах боломжтой
2015-05-23

УИХ-ын дарга З.Энхболд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлын явц, үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оворын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/ бие даасан ус, дулаан цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон гал гарсан үед унтраах албаны барилга, ачаа, шуудан хүлээн авах, явуулах барилга, онгоцыг шатахуухаар цэнэглэх газар доорх гидрант систем, 8000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах сав, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.

 

Нисэх онгоцны буудалтай танилцсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ,

Нэгдүгээрт: “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг санхүүжүүлж буй Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. Энэхүү зээлийг уг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос эргэн төлөхийн тулд үр ашигтай ажиллуулах хамгийн оновчтой менежментийг сонгох нь нэн чухал. Иймд дээрх үйл ажиллагааг зохион байгуулах, нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтыг хариуцан хамгийн үр ашигтай ажиллуулж чадах компанийг 2015 оны 12 сард багтаан шалгаруулж ажилд нь оруулах нь чухал. Бусад улс орнуудын туршлагаас харахад нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангахад19-26 сарыг зарцуулдаг.

 

Гэрэл Зургийг MPA.MN

 

Хоёрдугаарт: Нисэх онгоцны шинэ буудлын Зорчигч үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шатанд жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авч үйлчлэх  боломжтой болгон өргөтгөх боломжийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн. Хэдийгээр нэмэлт зурвасыг барих төлөвлөлтийг хийсэн боловч уг зурвасыг барих газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс нисэх онгоцны шинэ буудлын ирээдүйн хөгжлийг бүрэн хангахуйц зай талбайг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай.

 

Гуравдугаарт: Бүтээн байгуулалтын төслийн багийг тогтвортой ажиллуулах, ажилд аливаа улс төрийн шалтгаанаар оролцож хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хэрэгтэй” гэв.

 

Шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил 2013 оны зургаадугаар сард эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг нийтдээ 1290 хоног буюу 43 сарын хугацаанд хийж гүйцэтгэн 2017 оны 1-р сарын 7-нд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаанаасаа 1.5 хувиар илүү явж байгаа аж. Энэ хурдаараа явбал 2016 оны 12 дугаар сард дуусгах боломжтой юм байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Делта”, “Бүти”, “Mez Res”, “OTK”, “ND, Геокат, IT ZONE зэрэг компани, Япон, Солонгосын, Хятад, Чех улсын дангаараа болоод хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компаниуд ажиллаж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд 1500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 85 орчим хувь нь монгол иргэд ажиллаж байгаа юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Наран:
Энхболдоо! Чи 2008 онд 300 сая -хоронго оруулалтай зээл гэж УИХ-оруулж байхад яасан унэтэй буудал вэ? Хятадууд маш хямдаар НБ барьсан байна гэж шалтхудлаа бултрээд зогсож байсан хун одоо 4-ийн хуутэй, 500 гаруй сая -ын ортогтэй болсон хойно нь дахин санхуужилт огноо гээд хэнэгч угуй зогсож байх юм. Уунийг чинь яаж ойлгох вэ!
2015-05-25