Зуслангийн бүсээс 1494.4 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2015-05-25

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн бүсийн цэвэрлэгээний  нээлтийг “Зунжин худалдааны төв”-ийн урд талбайд хийлээ. Цэвэрлэгээнд хог хаягдлын үйлчилгээний 15 байгууллага, Монголын оюутны холбоо, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийт 10381 хүн оролцлоо.


 
Их цэвэрлэгээг Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зуслан, ногоон бүсэд хийсэн бөгөөд цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслангийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу нийт 2.3 сая м2 талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1494.4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэв.


 
Тус цэвэрлэгээнд тээвэрлэгч 15 байгууллагын 117 машин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨААТҮГ-аас зуслангийн замын цэвэрлэгээнд зам талбайн 60 үйлчлэгч, хог тээврийн 2 машин ажиллалаа.


 
Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал, удирдлагын хэлтэс, “Шинэ тосгон хөдөлгөөн”, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн”, “Ирээдүйн хөгжлийн төв” ТББ-ууд хяналт тавьж ажиллав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин