Компаниуд 1.6 тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй
2015-05-25

Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн тухай мэдээлсэн.

 

Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал буюу нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс олгодог.  Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэсний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт явуулахад хууль бусаар нөхөн олговор авдаг байсан нь илрээд байгаа.

 

Нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт хуурамч баримт бүрдүүлдэг байжээ. Төхөөрөмж суулгасан автомашин нь автобусны маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг. Уг хууль бус үйлдлийг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

 

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгээс тодруулав.

 

-Нийтийн тээврийн компаниудын хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

-Одоогийн байдлаар гурван компанийн улсад учруулсан хохиролын хэмжээ урьдчилсан байдлаар гарсан. Тэдгээр компани энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

 

-Энэ хэрэгт холбогдуулан нэр бүхий компанийн удирдлагуудыг саатуулсан гэж мэдээлэгдэж байгаа.

-Энэхүү гэмт хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тодруулбал, “Тэнүүн огоо”, “Тулга огоо”, ”Тэнүүн дэлгэр” гэсэн гурван компанийн захирлыг болон нийтийн тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээний ахлах мэргэжилтэнг шалгаж байгаа. Нийслэлд  21 нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг. Эдгээр газрыг бүгдийг шалгаж байгаа.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ажил хийх дургүй, тэгсэн мөртлөө залилж мэхлэж, хулгайлж луйвардах юман дээр суут хүмүүс шиг л байх юм даа , Монголчуудаа гэж ...
2015-05-26