Хөнгөлөлттэй зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрчээ
2015-5-25

Аж үйлдвэрийн яамнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 2012-2014 онд олгосон зээл, 2013-2014 онд Засгийн газрын болон Чингис бондын эх үүсвэрээс хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор олгосон зээл, 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжиж олгосон зээл,      2013-2014 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн  хэрэгжилтэд мониторинг хийсэн байна. 

 

Мониторингийг энэ оны 3-5 дугаар сард хийсэн бөгөөд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж буй 21 аймаг, 150-160 орчим сумдыг хамруулжээ. Мониторингийн дүнг Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Дэд захирал Д.Рэнцэн, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Батцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ямар үр дүн гарсан талаар ийн танилцууллаа.

 

-2013-2014 онд Засгийн газрын бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн  зээл олгожээ. 2012-2014 онд "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зорилгоор "Сум хөгжүүлэх сан"-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөг, ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.  Дээрх дөрвөн төрлийн эх үүсвэрээс нийт 14897 төсөлд 518.6 тэрбум төгрөгийн зээлийг сүүлийн гурван жилд олгожээ.

 

-Эхний хоёр  эх үүсвэр буюу Засгийн газрын бонд, Чингис бондын зээл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 419.7 тэрбум төгрөгийн зээл авсан нийт 1680 төслийн 88  хувь буюу 1479 төсөлд мониторинг хийсэн аж.

 

 -Мониторингод 1479 төсөл хамрагдсаны 95.9 хувь нь хэвийн хэрэгжилттэй байна. Төслийн үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж байгаа аж ахуйн нэгжийн үр дүнгээс харахад нийт зээлийн 83.5  хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Үүнээс гадна үйлдвэрлэгчид зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар  нэмэгдэхийн зэрэгцээ  эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд 5529 ажлын байр хадгалагдаж, 5871 ажлын байрыг шинээр бий болсон үзүүлэлттэй байна.

 

-ЖДҮ-ийг  хөгжүүлэхэд зарцуулсан 196.761.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 26 хувийг барилгын салбар, 22.5 хувийг хүнсний салбар, 21 хувийг хөнгөн үйлдвэрийн салбар, 17 хувийг хөдөө аж ахуйн чиглэлийн, 10 хувийг үйлчилгээний салбар, 3.5 хувийг бусад чиглэлийн төслүүдийг санхүүжүүлжээ.  

 

Мониторингийн явцад хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хэрнээ үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн, зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаагаа зогсоосон, зээлийн эргэн төлөлт хангалтгүй болон огт хийгдээгүй зэрэг зөрчлүүд байсан гэнэ.

 

-Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 61 төслийн хэрэгжилт хангалтгүй байна.Тодруулбал, 23.3 тэрбум төгрөгийн зээл авсан 61 төслийн хэрэгжилт хангалтгүй буюу хэвийн бусхэрэгжилттэй байгааг энэ үеэр танилцуулсан юм.  Мониторингоор илэрсэн зөрчлийг ангилж үзвэл зээлийг зориулалтын  бусаар ашигласан бол банктай байгуулсан гэрээг цуцалж,  төслийн зээлийн хүүг арилжааны зээлд шилжүүлэх 22 төсөл/зориулалтын дагуу зарцуулаагүй/, банктай хамтран ажиллаж гэрээг нь шалгах, зээлийн гэрээний үүргийн талаар мэдэгдэл хүргүүлэх, арилжааны хүүд шилжүүлэх талаар шийдвэрлэх 20 төсөл /аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулаагүй, зогсоосон/,  дахин мониторинг хийж, үр дүнгийн шинжилгээ хийх шаардлагатай 19 төсөл /хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж холбоо барих боломжгүй/байна.

 

-Зээлийн эргэн төлөлт хийгээгүй ААН-үүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор ЖДҮХС болон ХЭДС-аас нийт 23 тэрбум төгрөгийг ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 18 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг олгосон. Үүнээс  ээрмэлийн 6, даавууны 1, сүлжмэлийн 3, оёдлын 8 төсөлд мониторинг хийсэн. Зээл авсан аж ахуйн нэгжүүд бүгд зээлээ зориулалтын дагуу зарцуулсан боловч борлуулалтын орлого муу байгаагаас 2015-04-27-ны байдлаар үндсэн зээлээс 4034.2 сая төгрөгийн зээл төлөгдөж, зээлийн үлдэгдэл, хүү алдангийн хамт нийт 20.102.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 5 зээлдэгч 93-100 хувийн, 1 зээлдэгч 69 хувийн, 4 зээлдэгч 25-29 хувийн, 3 зээлдэгч / “Сор кашмер” ХХК, “Ашид нэхмэл” ХХК, “Өүлэн мэнч” ХХК/ 2-9 хувийн зээлийн эргэн төлөлттэй байгаа бол 3 зээлдэгч / “Могол ноос” ХХК, “Санширо” ХХК, “Монгол нэхмэл” ХХК, “Мон форте” ХХК/ үндсэн зээлээс эргэн төлөлт огт хийгээгүй байна. Эдгээр ААН-ийн асуудал хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх аж.

 

Мониторингийн дүнг үндэслэн цаашид дараах бодлогыг баримталж ажиллах гэнэ. Тухайлбал,

 

-ЖДҮХС-гаас барилга, хүнс, үйлчилгээний салбарт нийт зээлийн 57.2 хувийг олгосон бөгөөд экспортод чиглэсэн 39 төсөл байна. Энэ үзүүлэлтээс харахад экспортод чиглэсэн төслүүдийн эзлэх хувийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай.

 

-Хөнгөн үйлдвэрийн салбарт зээл олгохдоо үнэ цэнийн сүлжээгээр, кластерийн тогтолцоог харгалзан үзэж байх. Ингэснээр сүлжээ, холбоо бүхий үйлдвэрлэл зэрэг босч экспортын чиглэлийн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн бий болно.

 

-Зээлийн зориулалтаас харахад үндсэндээ тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгөд гэсэн зарцуулалттай байна. Эдийн засаг хүндрэлтэй, санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал үед гадаад EXIM банкны эх үүсвэрээр тоног төхөөрөмжийн лизинг үйлчилгээг үйлдвэр эрхлэгч нарт үзүүлэх нь чухал.

 

-Зээлийн шалгуур үзүүлэлтийг ажлын байр нэмэгдүүлэхээс  гадна олон улсын чиг хандлагад нийцсэн шалгуур буюу технологи, бүтээмжээр тооцдог болох. Энэ нь эдийн засгийн үр дүн, өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

 

Мониторингийн үр дүнгээр илэрсэн амжилттай хэрэгжиж байгаа 10 төсөл

 

1. Дархан-Уул аймгийн “Монгол алтан тос” ХХК нь ургамлын тос үйлдвэрлэх чиглэлээр 2013 онд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Үйлдвэрийн байраа шинэчилж, тоног төхөөрөмж нэмж суурилуулан үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үйлдвэрийн хүчин чадал хоногт 100тн, жилд 33000тн.

 

2. Дархан-Уул аймгийн “Шүтэн-Уул” ХХК нь хөдөлмөр хамгааллынхувцасны үйлдвэрлэлийн чиглэлээр 2011 онд 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Нийт 31 ажиллагсадтай. Үйлдвэрлэлдээ САD-CAM шинэ дэвшилтэт технологи, хувцас зохион бүтээлтийн программыг үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлсэн. Бүх төрлийн ажлын хувцас болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг.

 

3. Хэнтий аймгийн “Их баян бүргэд” ХХК нь ахуйн үйлчилгээний чиглэлээр 2011 онд 135 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Аймагтаа халуун ус, саун, үсчин, оёдол, ресторан зэрэг ахуйн үйлчилгээний цогц үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж хими цэвэрлэгээ ажиллуулахаар төлөвлөж  барилгын ажлаа эхлүүлсэн байна. 

 

4. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Мастер шөүс” ХХК нь гутал үйлдвэрлэл, засвар үйлчилгээ чиглэлээр 2013 онд 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гутал засвар, захиалгат гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт 100 ширхэг засвар үйлчилгээ, 5 ширхэг захиалгат гутал үйлдвэрлэдэг. Цаашид гутлын дамжлагат үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байна. Түүхий эд материалаа Англи, Хятад, Солонгос, Орос улсаас татан авдаг. 

 

5. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Монгол Базальт” ХХК нь барилгын материалын сендвичэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр 2012 онд 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Тус компани нь хоногт 18000 кг эрдэс хөвөн үйлдвэрлэдэг. Эрдэс хөвөн, шугам хоолойн дулаалга, базальтвүүл хөөсөнцөр үйлдвэрлэл эрхэлдэг. Цагт 6 метр урттай 1,2х1,5 харьцаатай блокыг 7-12 ширхэгийг гаргах хүчин чадалтай. Бүх түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Үндсэн түүхий эд болох базальт чулууг Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах өөрийн газраас олборлодог. Таван толгойн коксоор шатаадаг.

 

6. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Дөрвөн өлзий” ХХК нь Видан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 1400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдснаархүүхдийн нухашны үйлдвэрийн шугам оруулж ирэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Цаашид экспортод гаргах зах зээл судлаж байна. Тус аж ахуйн нэгж нь хүүхдийн жимсний нухашийг жижиг, том 2 савлагаатайгаар мөн 10 төрлийн нөөшилсөн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

 

7. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “ТНГРИ Инвест” ХХК нь цаас болон цаасан үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 880 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. “Тнгри инвест” ХХК нь 2013 онд байгуулагдсан, 20 ажилтантай. Бүрэн автомат ороогч машин ажиллуулан чанарын ISO9001 стандартыг хангасан “Өд” нойлын цаас, ахуйн хэрэглээний сальфетка үйлдвэрлэдэг. Хоногт 10000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Сард 175,0 сая төгрөгийн борлуулалттай, импортыг орлон амжилттай ажиллаж байна.

 

8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Денимон” ХХК нь хувцасны үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. “Денимон” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Монгол оронд жинсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс “Urban jeans” брэндийг хөгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Монголд анх удаа загвар зохион бүтээлт, эсгүүр оёдол угаалга цайруулалт хийж гүйцэтгэн дэлхийн стандартад баримтлах бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад хүргэх зорилгоор шургуу ажиллаж байна. Нийт 74 ажилтантай, хоногт 515 өмд үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

9. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Блю Скай Кашмир” ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Жилд 40 гаруй мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд нэн шаардлагатай байгаа нарийн даавуу нэхэх, будах,  гүйцэтгэн боловсруулах иж бүрэн технологи бүхий үйлдвэрийг шинээр бий болгосон. Нийт 120 ажиллагсадтай бөгөөдажиллагсадын5%-днь хөгжлийн бэрхшээлтэй иргэдажиллаж байна. ОХУ-ын FASION WEEK OF CENTRAL RUSSIA" загварын шоунд ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон.Бүтээгдэхүүнээ ОХУ, БНСУ, Япон зэрэг улсууд руу экспортолж байна.

 

10. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Гоёл Кашмир” ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зээл авснаар ажиллагсдын тоог 12-оор нэмэгдүүлж, нийт 80 ажиллагсадтай, 3 ээлжээр зогсолтгүй ажилласнаар борлуулалт 35%-иар  өссөн. 9 салбар дэлгүүр болон 17 гэрээт борлуулагчтай.  Өргөн сонголт бүхий 3000 гаруй загварын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад жилдээ 140 гаруй сая төгрөгийн татвар шимтгэлүүдийг төлдөг. Бүтээгдэхүүнээ Швейцар улс руу экспортлож байна.

 

Мониторингийн үр дүнгээр хангалтгүй хэрэгжилттэй 10 төсөл

 

1. Баян-Өлгий аймгийн “Нарберген” хоршоо нь эсгийний үйлдвэрийн чиглэлээр 2013 онд 25 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гэтэл энэхүү хоршоо нь өнөөг хүртэл эсгийний үйлдвэр байгуулаагүй ба зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон байна.

 

2. Дархан-Уул аймгийн “Хустын хойд салаа” ХХК нь 2011 онд 50 үнээний орчин үеийн сүүний ферм байгуулах чиглэлээр 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.

 

3. Баянхонгор аймгийн иргэн Б нь утаагүй уурын зуух төслөөр 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй. Шалгалтаар Зочид буудал, караоке, цайны газар ажиллуулж байна. Одоогоор 43 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлт хэвийн байна.

 

4. Булган аймгийн иргэн Ж нь чацаргана тариалах чиглэлээр 2013 онд 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ба зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна.

 

5. Өмнөговь аймгийн Иргэн Н нь тээврийн үйлчилгээний чиглэлээр 2013 онд 40 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна.

 

6. Увс аймгийн “Багийн ам” хоршоо нь сүү боловсруулах цехын чиглэлээр 2013 онд 40 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээл авсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тоног, төхөөрөмжөө агуулахад хураасан байна.

 

7. Өвөрхангай аймгийн “Элбэг дээж” ХХК нь гэрийн мод үйлдвэрлэх чиглэлээр 2011 онд 400 сая төгрөгийн санхүүжилт хүссэн боловч 2011 онд 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Шалгалтын явцад хоёр үйлдвэрийн цех үзүүлсэн боловч өөр хүний цех байсан нь тогтоогдсон.

 

8. Ховд аймгийн “Ховд хаан бирж” ХХК нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй, түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй болно.

 

9. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Соната сервис” ХХК нь ээрсэн ноос, ноолууран утасны үйлдвэрийн чиглэлээр 2013 онд 500 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлийг авахдаа “Идэр Хайрхан” ХХК-ний нэр дээр авсан боловч тухайн төслийг хэрэгжүүлээгүй байна.

 

10. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Б нь блокны үйлдвэр байгуулахаар 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч үйл ажиллагаа эхлүүлээгүй, төсөл хэрэгжээгүй байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зээл аваад буцааж төлдөггүй зуршил бүр даамжирч байна олж төлүүлээд залилангийн хэрэгээр эрүү үүсгэн шалгах хэрэгтэй
2018-08-27
Зочин:
зээл аваад буцааж төлдөггүй зуршил бүр даамжирч байна олж төлүүлээд залилангийн хэрэгээр эрүү үүсгэн шалгах хэрэгтэй
2018-08-27
Зочин:
зээл аваад буцааж төлдөггүй зуршил бүр даамжирч байна олж төлүүлээд залилангийн хэрэгээр эрүү үүсгэн шалгах хэрэгтэй
2018-08-27
Зочин:
Зээл аваад алга болдог хумуусийг сайн шийтгэж эргэж олж авах хэрэгтэй тэгэхгуй бол ингэж болдог юм байна гээд ойлгоод эцэст нь баахан
2015-05-26
Зочин:
Энэ ажлын байр хадгалагдсан гэж утгагуй нэр томьеогоо одоо больмоор... Мундаг ажил хийсэн, мэдээллийг хачин гое хургэх гэсэн ядруухан арга!
2015-05-25