Хятадын интернэтийн од ял авч магадгүй
2015-05-27

Твиттерийн хятад хуулбар гэгддэг “Weibo”-д 2.5 сая дагагчтай Гуо Мей бүсгүй шүүхээс 10 жилийн хорих ял авч магадгүй тухай “CNN” агентлаг мэдээллээ. 2013 оноос Хятадын интернэтийн од хэмээн нэрлэгдэх болсон Гуог шүүхээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэмээн буруутгаж, 10 жилийн хорих ял төлөвлөж буйг “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Бүсгүй олон нийтийн сүлжээгээр өөрийн тансаг амьдралаа сурталчлахаас гадна их хэмжээний бэлэн мөнгөний зургийг “Weibo”-д нийтэлжээ.

 

Ажил эрхэлдэггүй мөртлөө, хэтэрхий тансаг амьдралтай Гуог интернэт хэрэглэгчид шалгахыг цагдаа нараас хүсчээ. Тэрбээр хоёр жилийн хугацаанд Бээжинд төвтэй “Улаан загалмай” нийгэмлэгт ерөнхий зохицуулагчийн ажил хийдэг байсан, энэ оны эхээр ажлаасаа гарсан байна.

 

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд гэрээс нь баривчилсан аж. Тэрбээр хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах үедээ баригджээ. Гэхдээ бүсгүй мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүсийг найз нараа хэмээн цагдаа нарт мэдээлж, төрсөн өдөр нь болж байсан учир ийнхүү мөрийтэй тоглож байсан хэмээн тайлбарласан байна. Тэрбээр тансаг амьдралынхаа тухай цагдаад “Би хэд хэдэн ивээн тэтгэгчтэй. Бас миний тойрон хүрээлэлд байдаг хүмүүс баячууд” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин