Л.Мягмарсүрэн: Шатар бол тэмцэл, урлагийн нэгдэл
2015-05-27

Монгол улсын гавьяат тамирчин, Шатрын олон улсын  мастер Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

 

 

-Та хэзээнээс шатарын спорттой амьдралаа холбосон бэ. Тэр үеийнхээ дурсамжаас манай уншигчдад хуваалцаач?

 

-Дэлхийн алдартнуудыг бодвол өвгөн болсон хойноо шатар тоглосон гэхүү дээ/инээв/. Дунд сургуулийн тавдугаар ангиасаа л дөнгөж нүүдэл мэдэх төдий болсон. Ховд аймгийн төвийн арван жилд долдугаар анги хүртэл суралцаад Улаанбаатарт ирсэн юм. Миний орсон Нийслэлийн хоёрдугаар сургуульд шатрын дугуйлан хичээллэж байсан. Тэр нь надад их тус болсон.

 

1954 онд билүү дээ, номын дэлгүүрээр явж байгаад “Шахматы В СССР” сэнгүүлийн дугаарыг төгрөг арван мөнгөөр худалдаж авсан. Тэр миний анхны сурах бичиг болсон.

 

Анх намайг тоож, шатар нүүх хүн олдодгүй байсан. Ямар сайндаа, ах дүү, хөрш айлуудад түлээний мод хөрөөдөж “шовгорт” нь тоглох эрх олж авдаг байлаа. Шатар нүүх дон шүглэж явах үедээ өөрөөсөө ядаж хуруу илүү хүнтэй тоглохыг боддог байв. Гэтэл гайгүй нүүдэг нь тоохгүй сулыг нь би тоохгүй ээ. Анагаахын дээдийн сүрхий нүүдэг нутгийн нэг оюутантай салдаггүй байлаа. Тэр маань бэрс, тэргээ хасаж байгаад л нүүнэ шүү дээ. Эрт үед шатар ховор байхад шатартай айлыг бараадаж нүүж суудаг байсан үе байж л дээ. Харин миний үед шатар элбэг байсан нь азтай явдал шүү.

 

 

-Анх ямар тэмцээнд оролцож хэр зэрэг амжилт үзүүлсэн бэ?

-1957 оны Оюутан залуучуудын их наадмын шатрын тэмцээнд гайгүй оролцсон. Дараа жил нь шиг санагдана. Улсын баяр наадмын үеэр яармагийн талбайд явагдсан тэмцээнд хоёр давчихаад дараа нь нүдээр олзолмоор нэг өвгөнд хожигдож бүр гутарч билээ. Удалгүй улсын аваргын тэмцээнд нөгөө өвгөнтэй дахин таарч дотно танилцсан нь манай улсын алдарт шатарч Сандагдорж гуай байж билээ.

 

 

-Та улсынхаа шатрын дөрвөн удаагийн аварга болж байсан. Тэр үеийн улсын аваргад ямар шан хүртээж байв?

 

-1960 онд спортын мастер болж 5 жилийн дараалж улсын аварга цол хүртэж, 1980-1982 онуудад аваргаа дараалан хамгаалсан. Харин дараагийн 3 удаагийн аваргад алтан медаль 50 төгрөг гардсан. Шагнал нь ч яах вэ. Гол нь амжилт гаргах нь чухал гэж боддог үе байлаа.

 

 

-Таныг маш олон удаа дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд орж байсан гэдэг.

 

-Тийм. Би дэлхийн шатрын бага олимпид найм, их олимпид есөн удаа, мөн дэлхийн оюутан залуучуудын тэмцээнд ч олон удаа оролцсон.

 

 

Амжилт хэр байсан бэ?

 

-Би олон улсын тэмцээнд 19 настайгаасаа оролцсон. 1967 онд Азийн бүсийн тэмцээнд түрүүлж олон улсын мастер гэсэн хүндэт цолыг эх орондоо анхдагч Үйтүмэнгийн дараа авч ирсэн.

 

Корчной, Смыслов, Петросян, Глигорич, М. Таль, Р.Фишер, Ларсен нартай тоглож явлаа. 1970 оны олимпид манай баг / Үй түмэн, Жигжидсүрэн, Лхагва/ 70 орны шатарчдаас 16 дугаар байранд шалгарсан нь тэр үедээ дээгүүр амжилт байв.

 

 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын шатарчин байсан бэ?

 

-Одоо бодох нээ. Бүгд л хүчтэй өрсөлдөгч байж. Тэр үеийн социалист бүх орон, Америк, Куба, Швейцар, Тунист т очиж тоглож байлаа. Югославын их мастер Глигоричтэй тэнцэж, Данийн их мастер Б. Ларсен, Чехийн Горт, Америкийн Бирн, Исландын Олофессон нарын нэртэй шатарчдыг хожож явсан.

 

 

-Та ер нь өнөөдрийг хүртэл хэдэн өрөг тоглосон бол. Хамгийн шилдэг өргөө хаана, хэнтэй тоглосон бэ?


-Өргийн тооцоо гэвэл овоохон тоо гарах байх. Яг тэд гэж хэлж чадахгүй ээ. Швейцарт болсон шатрын их олимпид Исландын их мастер Олофессоныг хожсон өрөг маань миний хамгийн шилдэг өрөг байсан.

 

 

-Шатар спорт уу, урлаг уу. Та юу гэж боддог вэ?

 

-Шатар бол тэмцэл, урлагийн нэгдэл. Хүний сул талыг шатар илчилдэг юм. Шатарч хүн эрүүл саруул байх ёстой. Шатарчид цагийн дэглэмтэй байхгүй бол сэтгэл мэдрэлээ гэмтээх аюултай.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
baterdene:
goe yumaa. like
2016-03-08