Мөрөөдөлдөө хэт автаад хууль зүйн салбарыг самарч болохгүй
2015-05-27

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярилцлаа.

 

 

-Та Хууль зүйн сайдаар томилогдоод таван сар боллоо. Эрх зүйн шинэт­гэлийн ажил хэр явж байна вэ?

 

-Эрх зүйн шинэтгэлийн хувьд иргэдийн хүлээлт маш өндөр байгаа. Ял шийтгэлийн бодлого, хуу­лийн байгууллагуудын ажилт­нуудын арга, ажиллагаанаас эхлээд шүүмжлэлтэй ханддаг зүйлс бий. Энэ бүхнийг өөрчлөх нь гэж иргэд 2009 оноос хойш 5-6 жил хүлээлээ. Удсанд хэд хэдэн шалтгаан бий. Батлагдсан гол хуулиуд нь Үндсэн хуулийн Цэцийн "Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гарснаар хэрэгжихгүй болж эхэлсэн. Зарим хуулиуд хол зайтай, цуварч гарлаа. Тийм болохоор хоорондоо уялдаа холбоо муутай, амьд­ралд хэрэгжихгүй, төвөг удаж байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жил Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэтэл тэр дотроо Мөрдөх албаны тухай хууль гээд ирээдүйд гарах хуулийн заалтыг эш татаад хийчихсэн. Яг аваад хэрэглэх гэхээр байхгүй хуулийн заалтыг оруулчихсан байх жишээтэй. "Монголын хууль тогтоох практикт байхгүй хачин юм болоод байна" гэдгийг би урьдчилж хэлж, сануулж байсан. Шинэчлэл удааширч байгаа үндсэн шалтгаан нь сэтгэл хөдлөл, дэврүүн мөрөөдлөөр хууль боловсруулах ажилд хандсан.

 

Өнгөрсөн таван сарын хугацаанд манай яамныхан урьд нь боловсруулж байсан, өргөн барьсан хуулиудыг буцааж татсан. Үүнийг хоёр хүний сөргөлдөөн мэтээр тайлбарладаг хүмүүс бий. Тийм асуудал байхгүй. Тэдгээр хуулиуд дотор Үндсэн хуулийн нэр томъёо, үндэслэлтэй нийцээгүй зүйл олон бий. Дахиад Үндсэн хуулийн цэц дээр унаад, дахиад хууль нь хүчингүй болох асуудал үүсэхээс сэргийлж дахин боловсруулж байгаа юм. Хоёрт, хуульч, сайд хүний хувьд миний өөрийнхөө үзэл санаа, байр сууринаас хандсан зүйлүүд цөөн бий. Хууль боловсруулах үйл ажиллагаанд хуулийн бүх байгууллагуудын мэргэжилтэн, багш, судлаачдын маш том баг удаан ажиллалаа. 30 гаруй байгууллагаас санал авсан. Ингээд 6-7 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Одоо Хууль зүйн яаман дээр 4-5 хууль боловсруулагдаж байгаа. Нийт 10 гаруй хуулийг энэ хаврын чуулганаар батлуулж чадвал эрх зүйн шинэчлэл үндсэндээ хийгдэх юм.

 

 

-Ямар хуулиуд байгаа вэ?

 

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд гэх мэтээр 6-7 хууль өргөн барьсан. Хэлэлцүүлэх шатандаа явж байна.

 

 

-Х.Тэмүүжин гишүүн эрх зүйн шинэтгэлийн гол зорилго нь цагдаа, хууль, хүчний байгууллага иргэдээ дарамталж, айлгадаг биш, иргэнийхээ төлөө байгууллага болох ёстой гэж ярьдаг. Таны өргөн барьсан хуулиуд энэ үзэл санааг нь  өөрчилсөн гэж байна лээ.

 

-Хүн дарамтлахын тулд хууль хийнэ гэж юу байх билээ. Би төрийн албанд олон жил ажилласан, хуульч мэргэжлийн хүний хувьд манай хуульд, хуулийн байгууллагуудын арга ажиллагаанд байгаа алдаа, дутагдлыг харж байгаа. Үүнийг засч, залруулах ёстой. Гэхдээ туйлшрал байж болохгүй. "Нийгэмд үйлчилдэг байгууллага" гэдэг үгээр нэг их хөөцөлдөх хэрэггүй. Жишээлбэл, цагдаа бол цагдаа л байх учиртай. Шаардлагатай бол таны гарыг мушгиад аваад явдаг л байх ёстой. Үүнийг дарамт гэх үү, эсвэл та надад үйлчилдэг байх ёстой гэх үү. Цагдаа хуулийн дагуу ажилладаг байх ёстой. Тэр хууль нь ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай. Түүнээс биш нэр томъёогоор хэт хөөцөлдөөд, тэр байгууллагын шинж чанарыг алдагдуулаад, байгууллагын ажилтан өөртөө итгэл үнэмшилтэй ажиллаж ча-дахгүй байдалд оруулж болохгүй.

 

 

-Х.Тэмүүжингийн хувилбар таны хувилбараас ямар ялгаатай юм бэ?

 

-Үндсэн хуульд нийцүүлэх асуудал дээр гол ялгаа бий. Би хэллээ ш дээ. Яг энэ шалтгаанаар өмнөх хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр унаснаар шинэчлэл ахиад тэгээс эхлэх болоод байна. Хоёрдугаарт, Х.Тэмүүжингийн хууль, миний хууль гэх нь утгагүй. Хуулиуд дээр Монголын хуулийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд ажилласан. Сайдууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, зарим зүйл дээр маргалддаг тал бий. Гэхдээ л энэ хуулиуд нэг, хоёр хүнд харьяалагдахгүй, энэ цагт ажиллаж байгаа хуульч, судлаачдын хамтын бүтээл. Минийх гэж өмчлөх зүйл биш.

 

Эрх зүйн шинэчлэл гэж их лоозогнодог. Хүн дарамталдаг цагдааг үйлчилдэг цагдаа болгоно гэх мэт. Гэтэл амьдрал дээр хууль лоозон байж болдоггүй. Цагдаа зөрчил гаргасан хүнтэй яаж харилцах, юу гэж хэлэх, албадлагын арга хэмжээг ямар тохиолдолд, яаж авах юм гэдэг асуудал маш тодорхой байх ёстой. Энэ бүгдийг олон жилийн туршлагад суурилан, гарч байгаа алдаа оноо, ирээдүйн зорилгод нийцүүлж хийдэг.

 

 

-Таныг ухралт хийж, шинэ хуулиар Тахарын албыг байхгүй болгосон гэсэн яриа бий. Энэ ухралт уу, эсвэл... 

 

-Ухраад байгаа зүйл огт байхгүй. Эрүүгийн хуулиас “Хүнийг гүтгэж, доромжлох” гэдэг зүйл заалтыг хассаныг буцаагаад оруулчихлаа ч гэж байх шиг. Өнөөдрийн хуульд байгаа тэр хэлбэрээр оруулаагүй. Одоогийн хуульд хүнийг гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий. Бидний УИХ-д оруулсан төсөлд "Хүнийг гэм хэрэгт гүтгэсний улмаас ноцтой үр дагавар гарч, хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хор уршиг учраагүй бол иргэний журмаар шийдвэрлээд явна" гэсэн утгатай заалтууд орсон. Өөрөөр хэлбэл хариуцлагыг үр дагавартай холбон ялгаж, салгаж өгч байгаа. Үүнийг л сэтгүүлчдийг дарамтлах хууль гэх зэргээр ярьж байна. Нэг талаас сэтгүүлчид, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах ёстой. Нөгөө талаас худал мэдээллээс болж хохирсон иргэдээ бас хамгаалах л ёстой. Хоёулаа хуулийн өмнө тэгш эрхтэй.

 

Ноцтой, хүнд хор уршиг учруулсан гэдэг жишээ нь юу вэ. Хэдэн жилийн өмнө нэг сонин Дарханы нэг бүсгүйг нэр заан ДОХ-той гэж бичсэн.  Үүнээс болоод нөхөр нь эхнэрээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн. Шинжилгээгээр тэр бүсгүй ДОХ-гүй байсан. Худал гүтгэлгээс болоод нэг хүн амь үрэгдэж, нөгөө нь шоронд суужээ. Хүн гүтгэх нь ямар үр дагавар авчирч байна вэ? Зарим хүн гүтгүүлэхээ тоохгүй. Зарим нь гомдол гаргаад, үнэнийг тогтоолгоод, гүтгэгчийг торгуулаад л болчихно. Гэхдээ ноцтой хор уршиг учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс өөр яах юм. Энэ бол амьдралын шаардлага.

 

Тахарын алба гэж байгуу-лагдсан. Гэрч, хохирогчийг хамгаалах, хуяглан хүргэх, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэгтэй. Хуучин цагдаагийнхны хийж байсан ажил л даа. Ийм байгууллагыг байгуулсан, тэгээд л хаячихсан. Тэнд туршлагатай боловсон хүчин, унаа машин алга. Бүх аймгуудад байргүй. Эрх зүйн орчин нь тодорхойгүй. Энэ байдлаараа Тахарын алба хуулийн зорилгоо бүрэн хэмжээгээр биелүүлж ажиллах боломжгүй. Тийм учраас ШШГЕГ-ын дэргэдэх байгууллага болгоё гэж байгаа юм. Татан буулгаагүй, хууль нь хэвээрээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүх аймагт салбартай, унаа хөсөгтэй, аж ахуйтай. Дэргэдээ Тахарын албыг авлаа гээд болохгүй юмгүй. Өнөөдрийн боломж, санхүүгийн нөхцөл байдалдаа уялдуулж, ийм шийдэл хийж байгаа юм. Шинэ Засгийн газар байгуулагдахад Тахарын алба татан буугдах агентлагуудын жагсаалтад орсон байсан. Харин би "Байх ёстой байгууллага" гээд авч үлдсэн. Энд юу нь ухралт болчихоод байгаа юм бэ. Хуульч хүн маш тодорхой ярих ёстой. Юу яриад, юугаар буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй, эзэнгүй, ерөнхий юм яриад байхаар хариулж ч болохгүй, хүн ч ойлгохгүй.

 

 

-Цагдаагийн цолд өөрчлөлт орж, албан тушаалаас хамааруулан олгодог болсныг та өөрчилсөн. Аль нь илүү зохимжтой вэ?

 

-Цэрэг, цагдаагийн амьдрал ойлгохгүй хүний санаа байсан байх. Хууль гаргахаас нь өмнө би Тэмүүжинд зөндөө сануулж хэлсэн. Болдоггүй юм аа гэж. Албан тушаалын цол гэдэг юм бий болгоод, ийм албан тушаалтай хүн тийм цолтой байна гээд заачихсан. Цагдаагийн хурандаа, дэд хурандаа болно гэдэг цагдаагийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн гол мөрөөдөл байхгүй юу. 20, 30 жил зүтгэж байж хүрэх ёстой мөрөөдөл нь. Гэтэл сургууль төгсөөд 2-3 жил болсон дэслэгч залуу гэнэт газрын дарга, шууд хурандаа болно. Газрын дарга, хурандаа цолтой байсан хүн нь албан тушаал буураад, ахлах дэслэгч болж байгаа юм. Бүх насаараа мөрөөдөж, ажиллаж, зүтгэж байж авсан хурандаа цол албан тушаалаар алдагдаж, ахлах дэслэгч болсон олон тохиолдол бий. Энэ нь албаны хүмүүсийн сэтгэл зүйд ямар их хүнд цохилт болох вэ, амьдрал дээр буугаад, юу болж хувирах вэ гэдгийг тооцолгүйгээр л хууль гаргасан. Зүгээр л албан тушаалын цол нь зөв юм шиг харагдаад, тэрийгээ хийчихсэн. Сая тэрийг залруулсныг буруу гэж үзэхгүй байгаа. 

 

 

-Цэрэг, цагдаагийн цол бол нэр төр, тэр хүмүүсийн бахархал байдаг, нандин зүйл байх шүү.

 

-Цагдаа ч бай, цэрэг ч бай, цол форм хэрэглэдэг хүмүүсийн сэтгэл зүйг зөв ойлгож, маш болгоомжтой хандах ёстой.

 

 

-Цагдаагийн байгууллагын дарга нь ихдэж, цагдаа нь цөөрсөн, уруугаа харсан пирамид болсныг өөрчилсөн гэсэн зүйлийг Х.Тэмүүжин их ярьдаг байсан. Гэтэл цагдаагийн албан тушаалтан "Эсрэгээрээ юм болсон. Шинэчлэлийн өмнө 56 хурандаа байсан нь өөрчлөлтөөр 83 болсон гэж байх юм. Аль нь үнэн бэ?

 

-Албан тушаалын цол гэдэг юмнаасаа болоод хурандаа нарын тоо нь өсчихгүй юү. Бодож олсон зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжихийг огт тооцохгүй, лоозогноод байхаар ийм л үр дагавар гарч байгаа юм. Ер нь хуулийн шинэтгэл дээр лоозогнох маш муу, их буруу. Амьдрал дээр энэ хуулийн зохицуулалтаар ямар алдаа, завхрал гарч байна, тэрийг яаж засах вэ гэдгийг тодорхой л хийх ёстой. Хүнд мөрөөдөл байж болно. Мөрөөдөлдөө хэт автаад, хуулийн тогтолцоог самарч болохгүй.

 

 

-Шинэтгэлийн талаар өмнөх сайдын ярьж байсан бас нэг зүйл бол төвлөрсөн удирдлагыг задалж, аймгийн дарга цагдаагийнхаа удирдлагыг томилдог болгоно гэж байсан. Энэ хэр зохистой шийдвэр вэ? 

 

-Энэ бол Холбооны улсад байдаг жишиг л дээ. Муж улсууд нь өөрийнхөө төсөв мөнгө, хэрэгцээ шаардлагадаа тааруулаад цагдаагийн удирдлагаа томилж, хэчнээн цагдаатай байх вэ гэдгийг тогтоодог. Монгол бол нэгдмэл төрт улс. Жижиг улсын хувьд энэ жишиг тохирохгүй. Мөрдөх албыг Хэв журмын албанаас салгаж, босоо удирдлагатай хэвээр үлдээгээд, харин нийгмийн хэв журам сахиулах хэсгийг аймгийн удирдлага томилдог, орон тоо, төсвийг тогтоодог байхад болохгүй зүйлгүй. Гэхдээ орон нутгийн төсвийг төвөөс өгч байгаа. Төсвөө бие дааж бүрдүүлдэг аймаг хэд билээ, тэр нь хүрэлцээтэй юү гэх мэт асуудлууд бий. Уулын буга хараад унасан бухаа голов гэдэг шиг том улсуудад байгаа зүйлийг шууд хуулж, хэрэгжүүлэх гэж оролдох дэмий.

 

 

 

-Өмнө батлагдсан эрх зүйн шинэтгэлийн бодлогуудаас таны санал нийлж байгаа зүйлүүд байна уу?

 

-Байлгүй яах вэ. Үүнийг хэн нэгэн бодож олоод, гэнэт гаргаад ирчихээгүй юм. Олон жилийн өмнөөс, Ардчилсан намын удирдлагад намайг ажиллаж байх үеэс яригдаж ирсэн зүйлс. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Ц.Элбэгдорж “Эрх зүйн шинэтгэл хийнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бид тэрийг тэгж, ингэж өөрчлөх ёстой юм байна гэдгийг олон зүйл дээр ярьж байсан.

 

 

-Өргөн барьсан арваад хуулийн төсөл чинь хэзээ батлагдах бол? 

 

-УИХ ач холбогдол өгнө байх гэж найдаж байна. Эрх зүйн шинэтгэлийг хагас дутуу хийж болдоггүй гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Тиймээс энэ хуулиудыг ойр ойрхон зайтай, бүхэлд нь баталж байж эрх зүйн шинэтгэл бүрэн утгаараа явна. Бид энэ хаврын чуулганаар батлуулчихыг зорьж байгаа.

 

 

-Гуч гаруй байгууллагын төлөөлөл төсөл дээр ажилласан гэж та хэлсэн. Ер нь мэргэжлийн хүмүүс энэ шинэтгэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Ажлын хэсэг дээр хуулийн төсөл хийгээд, янз янзын хувилбар гаргаад сууж байх үед тэнд жинхэнэ онолын маргаан, амьдралын туршлагаасаа эш татсан хэлэлцүүлэг өрнөж, маш идэвхтэй, амьд яриа болдог. Оролцож байгаа хүмүүс үнэн сэтгэлээсээ, идэвхтэй хандаж байгаа. Ганцхан зүйл бий. Шинэчлэл нэрийн дор хуулийн байгууллагын ажилтнуудыг хашрааж, бужигнуулж, шинэчлэл хийхээс айдаг болгочих вий л гэж бодож байна. Зарим талаар тийм зүйл ажиглагдаж байна билээ. Дахиад нэг сайд гараад ирлээ, одоо яах бол гэсэн болгоомжлол. Шинэчлэлийг баярлаж бус, айдастай хүлээж авах хандлага бий болсон байна. Энэ бидний анхаарах ёстой зүйл.

 

 

-Ерөнхийдөө системийн хэмжээнд хүмүүс дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

 

-Дэмжилгүй яах билээ. Тэр хүмүүс чинь хуульдаа байгаа болох, болохгүй зүйлүүдээ мэдэж байгаа шүү дээ. Хуулиуд амьдралд хэрэгжихээр илүү ойлгомжтой болно. Шинэчлэлийн цөм болсон энэ хэдэн хуулиудыг баталсны дараа Цагдаагийн, Прокурорын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын, Шүүхийн хууль гэх мэт байгууллагуудын хуульд өөрчлөлт орох ёстой. Өмнө нь цөм хуулиа батлаагүй байж байгууллагуудын хуулийг баталж, дарааллыг нь алдагдуулаад бужигнуулчихсан юм билээ. Ер нь бол нэг байгууллага, нэг хэлтэс байгуулах, эсвэл нэг хүнийг өөр газар томилох нь шинэчлэл биш. Шинэчлэлийн цөм болсон хуулиудаа баталчихвал энэ хуулиудыг дагаад бусад хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь гарч ирнэ. Өмнөх шинэчлэл тэгэхээр буруу талаасаа явчихсан байгаа биз?

 

 

-Хуульчдын холбоо гэж бий. Энэ холбоо үүргээ хэр гүйцэтгэж байна вэ. Миний ойлгосноор Америкийн БАР-ын холбооны зарчмыг авсан юм билээ? 

 

-Америкийн БАР-ын холбооны ажиллах зарчим гэж бий. Үүнийг авахдаа яг тэр хэвээр нь ч аваагүй, гуйвуулсан. Тэр бол өмгөөлөгчдийн л байгууллага. Гэтэл манайх дуурайхдаа шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд бүгдийг нэг холбоонд хамруулсан. Холбоон дээрээ хуульчдаас шалгалт авдаг, ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Үнэндээ амьдралд нэг их сайн хэрэгжиж өгөхгүй л байгаа. Эсрэг, тэсрэг байр суурь илэр-хийлэх ёстой, чиг үүрэг нь өөр албан тушуултнуудыг нэг байгууллага дүгнэн, ёс зүйг нь шүүх гэх мэт нь огт нийцэхгүй байна.

 

 

-Барууны орнуудад бол тусдаа байдаг уу?

 

-Тийм. Хуульчдын холбооноос "Дэлхий дээр цорын ганц өмгөөллийн хуульгүй улс нь Монгол боллоо. Өмгөөллийн хуулиа баталж өгөөч. Мөн Америкийг дуурайсан энэ БАР-ын систем чинь амьдралд нийцэхгүй байна. Үүнийг шинэчилье" гэж байгаа. Би “Та нар манай Хууль зүйн яамныхантай суугаад, төслөө боловсруулаад ир. Тэгээд яамны түвшинд дахиад ярья” гэсэн хариу өгсөн. Боломжийн хувилбар гаргаад ирвэл эрх зүйн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд оруулаад, шийдвэрлэхийг зорьж байна.

 

 

-Эрх зүйн шинэчлэл ер нь хэр удаан хугацаанд хэрэгжих вэ. Нэг хууль гаргаад бүх зүйл болчихгүй байх л даа?

 

-Багц 10 гаруй хууль маань хаврын чуулганаар батлагдчихвал ирэх намраас хэрэгжээд эхлэх ёстой. Тэр хүртэл бид семинар, сургалт, зохион байгуулалтын ажлуудаа хийнэ. Ер нь бол  шинэтгэл гэсэн яриагаар хүнийг чимхээд, 5-6 жил орилуулаад байж болохгүй. Маш богино хугацаанд хийх ёстой. Бидэнд цаг хугацаа байхгүй.

 

 

-Хэрэгжээд эхэллээ гэхэд жирийн цагдаа, шүүгч, сумын цагдаад энэ хууль яаж мэдрэгдэх вэ?

 

-Эрүүгийн хуулиар эдийн засгийн хохиролтой хэргүүдийг голдуу хорьж шийтгэдэг. Шинэчлэлийн дараа хэрэг үүсгээд, шалгах явцад хохирлоо барагдуулчихвал заавал хорьж, шийтгэнэ гэхгүй болно. Хуулийн зорилго хохирлыг арилгах болохоос, хүнийг шоронд хийх биш юм. Хуулийн байгууллагын ажилтнуудыг удаан байна гэдэг. Одоогийн хууль нь тийм байхаас өөр аргагүй байдалд түлхдэг. Хоёр хүний зодооны хэргийг мөрдөн байцаагч мөрдөхдөө 10 гэрч байлаа гэхэд гурваас нь мэдүүлэг аваад хэргээ шүүхэд өгөхөөр шууд буцааж байгаа. Арван гэрч байхад гурваас нь л авсан байна, бусдаас нь заавал ав гэдэг. Гэтэл өнөөх гурван хүний мэдүүлэг хэргийг хангалттай нотолж байх жишээтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль дотор нэг их олон хугацаа тавьчихсан. Заавал тэр хугацаандаа хүргэж байж, хэдэн сарын дараа шүүх хурал болдог. Шинэ хуулиар хэрэг нотлогдсон, эсвэл гэм буруугаа хүлээж байгаа тохиолдолд шүүх хурлыг хойшлуулалгүй хийж, шийддэг болно. Мөн мөрдөн байцаагчид өөрсдөө гадуур явж, нотлох баримт цуглуулж, хэргийг илрүүлдэг болгосноор хүнийг дуудаж, дарамталж, өрөөнөөсөө хэрэг илрүүлдэг систем үгүй болно. Энэ бол хамгийн том ач холбогдол. Мөрдөн байцаагч нараас ажлын шинэ үр дүн, арга барил гарна. Тэрнээс гадна ялын шинэ төрлүүд нэмэгдэж байгаа. Тодорхой хэргүүдэд жишээ нь, гэрийн хорио байх жишээтэй. Тэрнээс гадна гэм буруугаа хүлээж байгаа, онц хүнд гэмт хэрэг биш бол үндсэндээ ял шийтгэл ногдуулахгүй байх зохицуулалтууд ч орж байгаа.

 

 

-Х.Тэмүүжин Таныг өөрийнх нь мууг үзсээр байгаад сайдаас унагаж, өөрөө сайд болсон гэх утгатай зүйл чуулган дээр ярьсан, ийм юм байж болох уу?

 

-Тэгж л яриад байгаа юм. Би ямар Тэмүүжинг хөтөлж аваачаад, нэр холбогдсон хүүхэнтэй нь танилцуулчихсан биш. Би тэдний уулзалтыг зохион байгуулаад, дэвэргээд явсан биш... Ерөнхийдөө буруугаа үргэлж бусдаас хайсан, бусдад нялзаах гэсэн нэг тиймэрхүү зүйл л харагдаад байгаа.

 

 

-Бас Тэмүүжин өөрийнх нь холбогдсон хэрэг явдлыг илрүүлсэн хоёр хурандааг ажлаас халчихсаныг Та эр-гүүлж томилсон, Цэцийн гишүүн П.Очирбат, хуульч С.Нарангэрэл болон Д.Дорлиг-жав нар хуучинсаг хүмүүс болохоор шинэчлэлийг эсэр-гүүцэж байгаа гэж ярьсан байсан? 

 

-Хуучинсаг хүн гэж нас ахисан хүнийг хэлдэггүй. Би энэ хүн их буруу ярьж байна л гэж үзэж байгаа. Хүн өөрийнхөө алдаа, оноог эргэж харах, ойлгох чадвартай байвал зүгээр дээ. Үндсэн хуулийн цэц дээр хуулиуд нь унахаар “Энэ Дээд шүүхийн захиалгатай, эсвэл Д.Дорлигжав хийлээ” гэж хардахын оронд нэг удаа ч болов “Би ер нь Үндсэн хуультай зөрчилдсөн юм хийчихсэн юм биш үү” гэж бодох хэрэгтэй. Буруугаа бусдаас эрсэн юм л их ярих юм. Улс төрд удаагүй болохоор янз бүрийн юмнаас эмзэглээд, тэрнээсээ болоод элдэв юм хийгээд явдаг байж мэдэх юм. Гэхдээ биднийг нийгэм харж байна. Ахмад үетэйгээ, залуу үетэйгээ хэрхэн харилцах чинь хүн ёсны харилцаа. Удирдлагууд өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүстэй яаж харилцах вэ гэдгийг цаасан дээр бичээд өгчихдөг жор байхгүй. Хувь хүний хүмүүжлийн түвшин, арга ухааны л асуудал. "Үндсэн хуультай зөрчилдөнө, болохгүй" гэж олон ч хүн анхааруулсан. Бусдын үгийг сонсож, алдсан бол хурдхан шиг залруулдаг чадвартай л байх хэрэгтэй.

 

 

-Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдчихвал АН-ын мөрийн хөтөлбөр, таны өмнөө тавьсан зорилго биелэх үү?

 

-АН-ын мөрийн хөтөлбөр гэхээсээ илүү энэ бол цэвэр мэргэжлийн хуулиуд юм. Нэг нам үүнийг зорилт болгон дэвшүүлээд, ажиллаж байгаа нь сайн хэрэг. Тэгээд л орхих хэрэгтэй. Улстөржүүлээд, танай, манай гээд байх зүйл байхгүй. Талцвал юу ч биш болгоно. Мэргэжлийн үүднээс л хандах ёстой. 

 

 

-Америкийн судлаач Ларри Даймонд "Хууль, хүчний байгууллагууд, тэр дотроо Авлигатай тэмцэх газар буюу авлигатай тэмцэх механизм нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Тэр зорилгынхоо төлөө зарим хүмүүсийн эрхийг зөрчиж, хязгаарлах эрхтэй, хуулиар зөвшөөрөгдсөн байгууллага. Хэрэв энэ төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулбал эрх баригч талын зэвсэг болох аюултай" гэж хэлсэн. Үүнээс хамгаалсан хамгаалалтуудыг тусгаж байгаа юу?

 

-Тусгасан. Жишээлбэл, АТГ хуучин Цагдаагийн газрын дэргэдэх Улсын мөрдөн байцаах газарт байсан, нэг л тасаг шүү дээ. Тэрийг тусад нь гаргаад, илүү эрх мэдэл, цалин өгөөд эхлэхээр системийн дотор байгаа бусад байгууллагуудынхаа хэвийн үйл ажиллагаанд саад болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, систем дотор байгаа нэг байгууллагыг хэтэрхий хүчирхэг болгочихоор бусдынхаа үйл ажиллагааг чөдөрлөдөг, боомилдог. Энэ бол амьдрал дээр байгаа жишээ. Удахгүй Засгийн газарт оруулах гэж байгаа Мөрдөх албаны тухай хуулиар иймэрхүү асуудлыг зохицуулж байгаа.

 

 

-Ер нь АТГ тусдаа байх нь хэр оновчтой юм бол?

 

-Тусдаа байж болно. Гэхдээ адилхан хууль сахиулах байгууллага учраас нэг л эрх зүйн орчинтой байх ёстой.

 

 

-Үйл ажиллагааны уялдаа холбоо хэр байдаг вэ?

 

-Тодорхой хэмжээгээр байлгүй яах вэ. Энд нэг хэрэг шалгаж байгаа бол нөгөө байгууллагаасаа холбогдох мэдээлэл, материалуудыг аваад л явж байгаа. Ийм холбоо, харилцаагүйгээр хэрэг илрүүлж чадахгүй шүү дээ.

 

 

-Онолын талаас яривал Монголын эрүүгийн хууль, ял шийтгэлийн хуулийн хөгжил нэгэн шинэ үе шат руу орж байгаа гэж ойлгож болох уу?

 

-Нарийн яривал Ардчилсан хувьсгалаас хойших хуулиуд 90-ээд оноос өмнөх социалист хуулийн үзэл санаан дээр тулгуурлаж, зах зээлийн нийгмийн өнгө аясыг тусгасан тодорхой өөрчлөлтүүд хийж явсаар өнөөг хүргэсэн. Харин одоогийн хуулиуд бол суурь шинэчлэл юм. Гэхдээ уламжлалаа орхихгүй, аваад л явж таарна.

 

-Танд баярлалаа.

 

 

Эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
энэ өөрөө ч хууль зүйн салбарыг самарчихаад л явсан
2018-08-10
Зочин:
ЯМАРЧ ЁС СУРТАХУУНГҮЙ ЗАВХАЙ ТЭМҮҮЖИН ХУЦАЖ Л БАЙГ.
2015-05-28
irgen:
Sain neriig erevch oldohgui muu neriig husavch arilahgui. Erdenetiin darga baihdaa idsen zoosiig chini meddeg neg ni meddeg meddeggui ni ooriig chini enhiin tsagaan tagtaa gej bodoj baigaa. Ginjnees oor aldah zuilgui jiriin irgen yariltslagiig ogt unshilgui comment bichiv.
2015-05-28
иргэн:
Энэ хүнээс шинэлэг зүйл ч гарахгүй биз ээ
2015-05-27
Зочин:
Цагдаа цагдаагаараа л байх ёстой. Хороололд нэг ахлагчийн аманд салаавч хийж байсан. Манай цагдаа нар яасан ч хүлцэнгүй юм урдаас нь дайрч доромжилж байхад хараад л зогсоод байдаг. Энийг бодолцож үзээрэй. Харин тэр шоронжсон орон энэ тэр гэдэг дээр санал нийлэхгүй байна. Манайд хүнийг шууд аваачаад хийчихдэггүй яг гэмт хэрэг хийсэн хүнийг л баривчилдаг байх. Харин ял нь хөнгөдөөд, цагдаа нь цөөдөөд байна.
2015-05-27
зочин:
Дэмжиж байна
2015-05-27
Иргэн:
Давж заалдах шатны шүүхийг нэг газарт бөөгнөрүүлж тухайн нутгаас нь холдуулж байгаа нь танил талын хүрээнээс холдуулж байгаа гэх юм зурагтаар ярьсан тэмүүжин.Тэнэг хүн үү бид тэмүүжин гуай.Монгол улс жижигхэн тэр тусмаа тэр нутаг уснаасаа холдох тусмаа холбоо хөгжсөн өнөө цагт тэрэн дээрээ тулбал холбогдчихдог юм.тэмүүжин ер нь их муу юм олныг хийсэн өөдгүй амьтан.багшаа хийж чадаж байсан ч юм уу үгүй ч юм уу ёстой энэ байдлаараа.Шинэ юм хийнэ гэж яриад өөр орны тохирохгүй юм хуулж авчираад тавихынхаа оронд ард түмэнд ойр, яавал илүү боловсронгуй, илүү ойлгомжтой, илүү амьдралд ойр буух ажил байх ёстой вэ гэдгийг л бодож хийх ёстой.Тэрний тэр гадаадад хэдэн цагийн лекц сонсож ойлгосон ойлгоогүй нь тэндээ л биз.өөдгүй хүн дэээ тэмүүжин
2015-05-27
Иргэн:
Бодоод үз л дээ Монгол улсын дэд бүтэц ямар хэмжээнд хөгжсөн билээ тэгтэл давж заалдах шүүхийг бүсчилээд 3-4 аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүхтэй болгоод хаячихсан.Тэгтэл иргэн хүн хоолгүй байсан ч гэсэн гомдлоо бариад үгээ хэлээд явдаг байсан бол тийм боломжийг нь бүүр хаачихсан.Хоногийн хоолоо яаая гэж байгаа ард түмэн хохирчихоод дээр нь өөр аймагт гомдол гаргаж очоод байрлах зардал, хоол хүнсний мөнгө, унааны зардал гээд хаанаасаа гаргах юм бэ, ингэхээр хүн гомдол гаргах эрхээрээ хязгаарлуулаад хохирсон дээрээ хохироод тэр чигээрээ үлдэж байна. Гэтэл энийг 2014 онд шүүхэд давж заалдах гомдол гаргах иргэний тоо буурсан, энэ нь шүүхийн шийдвэр төгс төгөлдөр болсон цалин хөлс нь нэмэгдсэнтэй холбоотой гэх юм яриад сууж байгаа албан тушаалтанг юу гэж ойлговол болох вээ.АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДАРЧ БАЙНА. ХОХИРСОН ДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА.
2015-05-27
Иргэн:
Зөв штээ Тэмүүжин гарч ирээд Монголын хуулийн байгууллагыг ёстой нэг дураараа дургиж дампууруулсан, зүгээр ажлаа хийж чадахаа ч байсан, энэ улсуудыг ард түмэн харж дүгнэж байгаа нь үнэн шүү дээ.Ёстой Тэмжүүжин алдаагаа дандаа үргэлж бусдаас хайдаг гэдэг чинь л яг оносон үг байна.Тэмүүжингийн балаг одоо болтол засагдаагүй хэсэг нь ажил хийхэд хэцүү л байгаа бололтой, ард түмэнд ч гэсэн ёстой нэг хүндрэл гэгчийг жинхэн утгаар нь үзүүлсэн шүү дээ.
2015-05-27
Дорлигжав танаа: 2:
Тэр дундаа хохриол гомдол байхгүй хэрэгтнүүдийг яллаас чөлөөлмөөр эсвэл торгуулийн, ажиллах, гэрийн хорионы гэсэн өөр аргуудаар шийтгэмээр байна. Хамгийн түрүүнд эрүүгийн өршөөлийн хуулиа гаргаж ард түмнээ шоронгийн дарамтнаас холдуулмаар байна. Улс орны нийт хүн амын 10 илүү нь шоронгийн дарамтанд байна гэдэг өөрөө эмзэглэм, харамсамаар тоо, тэр дундаа хоригдож буй хүмүүсийн 80 гаруй нь 35 наснаас доош ид хийж бүтээх насны залуу байгаа нь эмзэглэмээр юм аа. Бид харь орны улсад хүртэл шорон улс гэдэг нэртэй боллоо. Энэ бүгдийг таныг засаасай, сайжруулаасай, ядаж л эрүүгийн өршөөлийн хууль гаргах тал дээр дэмжиж ажиллаасай гэж бодно.
2015-05-27
Дорлигжав танаа::
Ерөнхий Прокурор хийж байхдаа их тулхтай, юмыг олон талаас нь хардаг хүн байсан. Хууль зүйн яманд ч гэсэн тийм байх биз гэж найдаж байна. Иргэний хүний зүгээс бодож шаналж явдаг нэгээхэн зүйлээ хэлмээр санагдах юм аа. 2012 оноос хойш яллагдагч, ялтангуудын тоо эрс нэмэгдлээ. 2012 онд бараг 4000 хоригдолтой байсан Могнол улс 2015 он гэхэд 8000 хол давсан хоригдолтой боллоо. 3 хан жилийн дотор ийм их хүн шоронд хийлээ. Мөн үүнээс гадна 10 гаруй мянган аж ахуй нэгж эрүүгийн хэрэгт татагдсан 3-4 мянган хүн яллагдагч сэжигтнээр байцаагдаж байна. Энэ бол аюулын харанга юм аа. Монгол улс сэжигтэн, яллагдагч, ялтантайгаа нийлээд 10,000 хүнээ шоронд хорьж байна. Нэг хүний ард 10 хүн шаналж, хүлээж, зовж буй гэхэээр Монгол улсын нийт хүн амын 10 нь шоронгийн дарамт, хараа хяналт, зүдгүүр дунд амьдарч байна. Улс орноо ингэж шоронжуулмааргүй байна. Анхлан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийнх нь зүйл заалт нь хөнгөн, хүнд, хүндэвтэр хэрэгтэй. Тэр дундаа хохриол гомдол байхгүй хэрэгтнүүдийг яллаас чөл
2015-05-27