Хүүхдээ хэдэн төгрөгөөр баярлуулах вэ?
2015-05-28

Жил бүрийн зургадугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр эцэг эхчүүд бяцхан үрсээ аль болох баярлуулахыг хичээж, хаана ямар арга хэмжээ болох вэ хэмээн хайдаг.

 

Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бид өөрийн санхүүгийн боломжоо харж, хүүхдээ цэцгэн дунд тоглуулах уу уу, цементэн дээр тоглуулах уу гэдэг асуудалтай тулгардаг.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж сурснаар “Хүүхдийн парк”-д ямар ямар шинэ тоглоом нэмэгдсэн, хэдий хэр үнэ ханшаар иргэдэд үйлчилж байгааг сонирхолоо.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэнд одоогоор атракцион, ур чадварын, автомат, зөөлөн тоглоом гэх мэт нийт 70 нэр төрлийн тоглоомоор иргэдэд үйлчилж байгаа аж. Тэднээс  18 нь гадаа талбайн аттракцион тоглоом ажиллаж байгаа аж. Эдгээр тоглоом дээр 1-6 насны  хүүхэд багачуудад зориулсан хүслийн галт тэрэг, нархан, жаргалтай бамбарууш, тулаант машин зэрэг тоглоомууд шинээр нэмэн суурилагдсан байна. Мөн ирэх зургаадугаар сарын  дундуур нэгэн шинэ тоглоомыг хүүхэд багачууддаа тоглуулахаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилчид бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ.

 

Тоглоомын аюулгүй байдлын хувьд  жил бүр үйл ажиллагаа эхлэхээс өмнө инженерийн иж бүрэн үзлэг хийдэг бөгөөд 14 хоног тутамд ээлжит үзлэгийг явуулдаг аж. Тиймээс аюулгүй ажиллагааны хувьд санаа зовох зүйлгүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.

 

Тоглоомны үнэ ханшны хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн байна.

 

Тухайлбал, тоглоомын үнэ  дунджаар 5-6 мянган төгрөг болсон бол багц тасалбарын үнэ 10-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 1-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил тоглоомын үнэ 3-4 мянган төгрөгийн үнэ ханштай байсан юм. Харин багцын үнэ 7-20 мянган төгрөг байсан билээ.

 

Магадгүй Үндэсний соёл амралтын хүрээлэн тоглоомын үнээ нэмсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн олон асуудалтай холбоотой байж болох юм.

 

Мэдээж сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангийн хүүхдээ ганцааранг нь явуулна гэж үгүй. Тэд эцэг эхтэйгээ нь хамт явна. Хүүхдээ тоглуулахаар хамт яваа хэн боловч 10- 25 мянган төгрөгийн бас л тасалбар авах жишээтэй.

 

Нэг гэр бүлийхэн ганцхан хүүхэд тоглуулахын тулд 30-75 мянган төгрөг зарлагадна гэсэн үг. Гэвч өнөөдөр бидний дунд нэг хүүхдээ дундажаар 45 мянган төгрөгөөр тоглуулчих амьдралтай эцэг, эх хэд байгаа билээ.

 

 

Эндээс харахад, гурван хүүхэдтэй айл хүүхдүүдээ тоглоом дээр тоглуулахын тулд ойролцоогоор хагас сарын цалингаа зарцуулах нь ээ.

 

 

Жишээлбэл, 10 тоглоом дээр суух эрх бүхий 25 мянган төгрөгийн багцын тасалбараар нэг айлын гурван хүүхэд хамтдаа суух боломжгүй юм байна. Харин тус тусдаа өөр тоглоомд сууж болно гэж паркийн ажилтнууд тайлбарлалаа.

 

 

Энэ нь нэг айлын хүүхдүүд багцын тасалбараар хамтдаа “Алсыг харагч” дээр суух, бусад тоглоомоор тоглох боломжгүй гэсэн үг. Хамтдаа тоглохын тулд хүүхэд бүрийн тоогоор дахин тасалбар авах шаардлагатай юм байна. 

 

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн маань гурван жилийн өмнөөс эхлэн өмнө үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж хашаагаар орохын тулд 1000 төгрөг төлдөг дэлхийн жишгийг дагах болсон.

 

Өөрөөр хэлбэл, тоглоомон дээр тоглох бол тусгай тасалбараа авдаг, харин тоглохгүй ч гэсэн хашаагаар нь зугаалж, цэвэр орчинд хүүхдээ роликоор гулгуулах, дугуй унуулахын тулд орох тасалбарыг авах ёстой. Энэ үнэ хэвээрээ байна.

 

Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан тоглоомын үнийг хямдруулж болох эсэхийг лавлахад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн маркетингийн албаны захирал Д.Золзаяаас лавлахад “Хүүхдийн баяраар паркын ачаалал эрс нэмэгддэг. Хэрэв эдгээр өдрүүдэд хямдралтай болговол парк маань ачааллаа даахаа болино гэсэн үг. Бид сар бүр хямдрал урамшуулал зохион байгуулдаг. Өнгөрсөн энэ сарын 15-18-нийг дуустал гурван хоног хүүхэд багачууддаа 50 хувь хямдралтай үйлчилсэн. Ирэх долоодугаар сарын эхээр мөн 50 хувийн хямдралтай үйлчлэхээр зэхэж байна” хэмээсэн юм. 

 

 

Сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, энэ сарын 29-нөөс ирэх зургаадугаар сарын 4-нийг хүртэл “Гайхамшигт долоон хоног” аяныг зохион байгуулах аж. Тав дахь жилдээ болж байгаа энэ аяны талаар тус хүрээлэнгийн маркетингийн албаны захирал Д.Золзаяа “Гайхамшигт долоон хоног” аяны хүрээнд өдөр бүр цоо шинэ урлагийн болон циркийн үзүүлбэрүүдийг их бага тайзнаас хүргэж, хүрэлцэн ирсэн хүүхэд, залуус, дунд хөгжөөнт тоглоом, ур чадварын тэмцээн, сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулах зэргээр үзэгчдэд шинэлэг, өвөрмөц долоо хоногийг бэлэглэхээр зэхсэн гэнэ. Мөн урамшуулалт, амталгаат, сугалаат худалдааг зохион байгуулахаар болсон”  хэмээн дуулгав.

 

"Гайхамшигт долоо хоног" арга хэмжээний хөтөлбөр

 

Хугацаа: 2015 оны 05 сарын 29-наас - 06 сарын 04 хүртэл

 

 

 

Дээрх хөтөлбөрөөс гадна өдөр бүр байгууллагын сонирхолтой арга хэмжээ, үзүүлбэрүүд багтах ажээ.

 

 

Хүүхэддээ үзүүлэх тоглолтууд 3500-30,000 төгрөгийн үнэтэй

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах гэж хүүхдийн парк орж, бэлэг авч өгөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл энэ жилийн 6-р сарын 1-нд хүүхэд багачуудад зориулсан олон үзвэр үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

 

Тодруулбал, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжиг тоглоно. Тасалбарын үнэ 5000 төгрөг.

 

Улсын драмын эрдмийн театрт 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг тоглоно.  Тасалбарын үнэ 8000 төгрөг.

 

Хүүхэлдэйн театрын тайзнаа 12:00, 14:00 цагаас Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг, 16:00 цагаас "VIVA CITY" хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тоглоно. Тасалбарын үнэ 3500 төгрөг.

 

Үндэсний Циркт тавдугаар сарын 29-ний 17:00 цагаас, 30-ний 11:00, 14:00, 17:00, 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00, зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт  болно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Тасалбар бүр бэлэгтэй.

 

Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тавдугаар сарын 30, 31, зургаадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Шидэт Бонгын аялал” тоглолт болно. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Хүүхэд бүр бэлэгтэй аж.

 

Монголын хүүхдийн ордонд зургаадугаар сарын 1-ний 14:00 цагаас "Баярын концерт" болно. Тасалбарын үнэ 12 мянган төгрөг бөгөөд тасалбар тус бүр бэлэгтэй.

 

Монголын Хүүхдийн Ордонд тавдугаар сарын 30,31; зургаадугаар сарын 1-ний 12.00, 14.00 цагуудад "Х Түц" продакшны "Махчин Могойн Байшин" /Н.Корсунский/ хүүхдийн жүжиг тоглоно. Тасалбарын үнэ: 12 мянган төгрөг. 

 

МҮЭСТО-д тавдугаар сарын 31-нд 14.00, 16.00 цагт, зургаадугаар сарын 1-нд  13.00, 15.00 цагт "Маск" продакшны "Маргад Ордны Шидтэн" хүүхдийн жүжиг /А.Волкова/  тоглоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг.  Хүүхэд бүр бэлэгтэй.

 

UB palace-ийн Их танхимд  зургаадугаар сарын 1-нд 11.00, 14.00 цагт Хорол" продакшний "Үрдээ барих нандин бэлэг" уран бүтээлийн тоглолт болно. Тоглолтын тасалбар 19 мянган төгрөг. Хүүхэд бүр бэлэгтэй.

 

Crocus Event Hall-д тавдугаар сарын 30-нд 10.00, 12.00, 14.00, 16.00, 18.00 цагт, “Эмоци” продакшний "Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь" тоглолт болно. Тасалбарын үнэ 26 мянган төгрөг. Тасалбар бүр бэлэгтэй.

 

Улсын драмын эрдмийн театрын зургаадугаар сарын 1-нд 20.00 цагт  “Бүүвэй” уянгын драмын жүжиг тоглоно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-20 мянган төгрөг.

 

Тусгаар Тогтнолын Ордонд тавдугаар сарын 31 нд 11:00,13:00,15:00 цагт "Машагийн төрсөн өдөр" жүжигчилсэн тоглолт болно. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг. Хүүхэд бүр бэлэгтэй.

 

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 30 нд 11:00 цагт Эх үрсийн баярын "ТҮМЭН ЭЭЖ" Хүндэтгэлийн дуун цэнгүүн болно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг.

 

Бөхийн өргөөнд зургаадугаар сарын 1- нд 19:00 цагт “Ижийтэйгээ байхад жаргалтай” тоглолт болно. Тоглолтын тасалбар 15 мянган төгрөг.

 

 

Гурван минут нь 3000 төгрөгийн үнэтэй тоглоом

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хархорин худалдааны төвийн захын эсрэг талд хоёр хэсэг газар эцэг, эхчүүд хүүхдээ тоглуулж байна. Тэнд морь, галт тэрэг, машин, усан завь, буудлага зэрэг зургаан тоглоом байх юм. Нэг удаа хүүхэд тоглуулахад гурван минут нь 3000 төгрөг гэнэ. Гэхдээ тэдгээр тоглоомууд зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд л зориулагдсан юм байна. Талбай түрээслэгч нь талбайн болон цахилгааны хэрэглээний мөнгө дүүрэгт төлдөг гэнэ.

 

Ингээд талбай түрээслэгч Ц. Оюунтай тоглоомуудын талаар товч ярилцлаа.

 

 

-Та энэ тоглоомуудыг хувиараа оруулж ирсэн үү?

 

-Амралтын өдрүүдээрээ хүүхдээ тоглуулах тоглоомын газар байхгүйг анзаарсан. Ялангуяа бага насны хүүхдийн тоглоомын талбай, тоглох тоглоом энэ хавьд байхгүй. Тиймээс өөрийнхөө нөхцөл бололцоог ашиглаад хэдэн тоглоом оруулж ирсэн.

 

 

-Хүүхдүүд хэр их тоглож байна вэ?

 

-Маш их тоглодог. Ялангуяа бага насны хүүхдүүдийг ээж аав нь авчирч тоглуулах дуртай байдаг. Манай тоглоомууд бага насны хүүхдүүдэд зориулагдсан. Дөрөвдүгээр ангиас дээшхи насны хүүхдийг даахгүй. Өдөрт дунджаар 100 гаруй хүүхэд тоглож байна.

 

 

-Хүүхдийн тоглох хугацаа нь арай бага юм шиг санагдлаа?

 

-Нэг хүүхэд 3000 төгрөг төлөөд гурван минут тоглох боломжтой. Хугацаа нь бага байхаас өөр аргагүй. Нэг талаараа олон хүүхэд тоглож байна. Нөгөөтэйгүүр үнэ нь тийм ч өндөр биш шүү дээ.

 

 

-Та хэр өндөр үнээр энэ тоглоомуудыг оруулж ирсэн бэ?

 

-Морьтой тоглоом нь 15 сая, галт тэрэг нь зургаан сая гэх мэт тус тусын үнэтэй. Тэгээд тээвэрлэх зардал энэ тэр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг болсон. Гэхдээ манайх чинь улирлын чанартай тоглуулна шүү дээ. Арваннэгдүгээр сар хүртэл ажиллаад л зогсоодог.

 

 

-Гэр хорооллын хүүхдүүд ирж тоглодог уу?

 

-Бараг үгүй. Ойр орчны байранд амьдардаг хүүхдүүд л ирж тоглоно. Гэр хорооллынхон хүүхдийн баяраар л ирж тоглодог. Тоглох зав ч гардаггүй байх, бас амьдралын төвшин ч тааруу шүү дээ. Амралтын өдөр болохоор цэцэрлэгийн насны охид, хөвгүүд ээлжээ хүлээн дугаарлан зогсох нь их өрөвдөлтэй. Тэд ээлжээ ирэнгүүт л галт тэргэндээ суун аав, ээжийгээ гараараа даллан инээгээд л давхина. Харамсалтай нь гурван минут гэдэг маш богино хугацаа болохоор дорхноо л зогсоол дээрээ ирчихнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
po:
manaih bs park orohgu gj shiidsen . Park gazaraa darj baigaad heden jiliin daraa hesegchilen zaraad duusgah baihaa da
2015-05-28
зочин:
яасан үнэтэи юм бэ тэр үнэтэи ,олигтои ч юм баихгүи хүүхэдиин аюулгүи баидал, эрүүл ахуин орчин баихгүи яаж л хэдэн төгрөг авья гэсэн бодолтои хүмүүс баидаг ороход 1000 баихдаа яадаг юм , тоглоомнууд нь үнэтэи баина.................
2015-05-28
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-05-28
зочин:
яасан үнэтэи юм бэ тэр үнэтэи ,олигтои ч юм баихгүи хүүхэдиин аюулгүи баидал, эрүүл ахуин орчин баихгүи яаж л хэдэн төгрөг авья гэсэн бодолтои хүмүүс баидаг ороход 1000 баихдаа яадаг юм , тоглоомнууд нь үнэтэи баина.................
Зочин:
parkiin huuchin togloom deer huuhdee togluulsnaas jujig uzuulj nom avch ugsun ni deer
2015-05-28