Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих ёслол өчигдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо. Ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Ерөнхийлөгч тахилгын үеэр хэлсэн үгэндээ Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн газар нутгийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил чамгүй ахицтай байгааг дуулгав.
Бурхан Халдун уул нь Онон, Хэрлэн, Туул голуудын эх Хэрлэнгийн баруун цутгал Богдын голын эхэнд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 2361.5 метрт өргөгдсөн уул юм. Энэхүү уулыг Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монгол туургатны сүлд уул болгожээ. Түүнээс хойш буюу 1818 оноос Хан Хэнтий уулыг албан ёсоор тахидаг болжээ.