2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болголоо
2012-01-04

Засгийн газар 2012 оны анхны хуралдаанаараа энэ жилийг "Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа. Үүнтэй холбогдуулан өрхийн амьжиргааг дэмжих, дундаж орлоготой  өрхийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр, бодлого боловсруулж байгаа юм байна. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболд хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр,  шинэ оны эхний өдрүүдэд орон нутагт ажиллаж иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийн орчин,  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт, айл өрхийн ахуй амьдралтай танилцаад ирлээ Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, айл өрх байдаг. Тиймээс энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Иргэдийн амьжиргааг яаж дэмжвэл дундаж давхаргынхан нэмэгдэж, иргэд орлоготой болох гэдгийг сайтар судалж, тооцсоны үндсэн дээр хөтөлбөрөө боловсрууллаа. Айл өрхийг зөвхөн дэмжиж, тэтгэх бус, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, төрийн  үйлчилгээнд хамруулах юм. Мөн нийгмийн халамжийг хавтгайруулах бус илүү зорилтот, зорилготой, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Өрхийн амьжиргааг дэмжих хууль эрх зүй, санхүүгийн төслийг боловсруулаад ойрын хугацаанд танилцуулна. Өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосноор 70 гаруй мянган иргэн ажлын байртай болсон. Мөн жилийн хүрээнд ажилгүй иргэдийн мэдээллийн нэгдсэн баазтай болсон. Статистик  мэдээллээс харахад 724,3 мянган өрхийн 130 мянган нь ядуу, орлогогүй амьдарч байна гэсэн тооцоо бий. Гэхдээ зарим тоо баримтаар  ажилгүй иргэд, ядуу өрхийн тоо зөрүүтэй байгаа. Энэ тоо баримтаа  тодорхой болгоно гэлээ.  
Shuud.mn
Сонин хачин