Нийслэлчүүдийн бохир халих нь
2015-05-29

Нийслэлийн орон сууцанд амьдардаг иргэд, аж ахуй нэгжүүдийн бохир, шингэнийг татан зайлуулж, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай байгааг Ус Сувгийн Удирдах Газраас мэдэгдээд байгаа юм. Төв цэвэрлэх байгууламж 51 жилийн настай бөгөөд өдөртөө 170-180 мянган шоо метр ус хүлээн авдаг. Энэ хэмжээ зуны бороотой үед 20 мянган шоо метрээр нэмэгдэнэ. 

 

Төв цэвэрлэх байгууламжийг анх баригдсан цагаас нь хойш 1979, 1986 онд өргөтгөл, хэсэгчилсэн урсгал засварын ажил хийж байснаас өнөөдрийг хүртэл дорвитой засвар хийх боломжгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байгаа. Харин энэ мөнгийг Засгийн газраас шийдвэрлэж өгөх тул хэзээ шийдэгдэх нь өнөөдөр тодорхой бус хэвээр л байна.   

 

Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүүгээс энэ талаар тодрууллаа.

 

-Цэвэрлэх байгууламжийг зогсоож засварлахын тулд хоёр сонголт хийх гэж байгаа гэж байна. Алийг нь сонгох вэ?

-Хэрэв зогсоох юм бол цэвэрлэгээ хийхгүй шууд байгальд нийлүүлэх эсвэл Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах гэсэн хоёр арга бий. Засварын үед цэвэр усны хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлахгүй бол энэ их усыг байгальд бохироор нь нийлүүлбэл аюултай. Байгальд асгахгүй байх арга чарга юу байна гэдгийг бид хоорондоо ярилцаж байгаа. Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр аваарын байдалд ажиллаж байгаа нь үнэн. 

 

-Засварын төсөв хэр их вэ. Төсвийг хаанаас шийдвэрлэж байгаа вэ?

-Засварын төсөв урьдчилан тооцоолсноор 40-50 сая төгрөг байгаа. Зардал нь УСУГ-аас гарна. Тиймээс урсгал засвар хийгээд өнгөрөлгүй Төв цэвэрлэх байгууламжид дорвитойхон шинэчлэл хийх нь ирээдүйн их хотын үндэс суурь болох нь гарцаагүй.

 

Төв цэвэрлэх байгууламжид одоогийн байдлаар яаралтай засвар хийх хоёр хэсэг бий.

 

1. Анхдагч I, III тунгаагчийн хувиарлах камерийн бетонон хийцийн цөмөрсөн хэсгийг засварлах шаардлагатай.

 

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн тунгаагуур буюу ус тунгаах байгууламж байдаг аж. Анхдагч тунгаагуур нь усыг тунгааж дараагийн байгууламж руу явуулдаг. Энэхүү байгууламжид яаралтай засвар хийхгүй бол цэвэрлэгээ дутуу хийгдэж Туул гол руу гарч буй усанд нөлөөлнө. Ингэснээр байгальд их хэмжээний хохирол учирч, ус цэвэршүүлэх ажил үр дүнгүй болох юм.

 

Анхдагч тунгаагуурыг засварлахын тулд хувиарлагч камеруудыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Учир нь дөрвөн тунгаагуурт усыг жигдхэн хувиарлах үүрэгтэй хувиарлагч камерын бетон хийц олон жилийн турш элэгдэж, цөмөрсөн байгаа юм. 

 

2. Аэротенкийн засвар хийх шаардлагатай

 

Бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг Аэротенкийн хэсэг бол Төв цэвэрлэх байгууламжий хамгийн чухал газар. Тус байгууламжийг устай үед засварлах боломжгүй.  Зургаан хэсэг бүхий энэ байгууламжийн III, IV аэротенкийн коридорын дагуу 103 метр газрын 60-70 хувь нь цөмөрч, элэгджээ.

 

Цөмөрсөн хэсгээр бохир ус биологийн ариутгал хийж байгаа ус руу шууд цутгагдах болсноор ариутгалын ажил дутуу хийгдэж байгааг тус цэвэрлэх байгууламжийн мэргэжилтэн танилцуулсан. Энэ хэсгийг засварлахын тулд ундны усны хэрэглээг хязгаарлах эсвэл 420 мянган шоо метр бохир ус байгальд шууд нийлүүлэх хоёр л зам үлдээд буй. 

 

Төв цэвэрлэх байгууламж 51 жилийн өмнө анх байгуулагдахдаа 600 мянган иргэнтэй хотын иргэдийн ахуйн хэрэглээний бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтайгаар байгуулагдсан гэдэг. Харин өнөөдөр нийслэлийн 1.2 сая гаруй иргэний ахуйн хэрэглээний бохирыг цэвэрлэхээр өндөр ачаалалтай ажиллахаас гадна арьс, ширний үйлдвэрүүдийн химийн хортой бохирыг цэвэршүүлж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах үүрэгтэй ажиллаж байгаа юм. 

 

Цэвэрлэх байгууламжийн ариутгал хийж байгаа дээд хэмжээ 65 хувьтай байгаа. Учир нь ариутгал халдваргүйтгэлийн горим алдагдсантай холбоотой. Эвдрэл гэмтлийг засаж чадвал 95 хувь хүртэл нь ариутгах боломжтой. Нүдний өмнө харагдаж байгаа эвдрэл гэмтлийг арилгахын тулд Цэвэрлэх байгууламжид 0 /тэг/ зогсолт хийхээс өөр аргагүй болжээ.

 

Ямартай ч, өчигдөр УИХ-ын Байгаль очин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Туул голын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа холбогдох албаныхан болон орон нутгийнхан хэлж танилцуулсан.

 

Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжийн талаар ярьж, засварын ажлыг хийхийн тулд бохир усыг Туул гол руу цутгаж болохгүй гэдэгт санал нэгдэж, цоо шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх ёстой хэмээн санал нэгдсэн.  Улмаар Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон.

 

Харин иргэдийн зүгээс Төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхийн тулд Туул гол руу бохир усаа гурав хоног цутгах асуудал яагаад ч байж болохгүй. Харин иргэдэд сайтар анхаарал санамж өгөөд гурав хоног усны хязгаарлалт хийсэн нь дээр. Эс тэгвээс Туул голруугаа бохироо шахвал Орхон, Сэлэнгэ, цаашлаад Байгаль далайг бохирдуулах болно. Хэрвээ ийм шийдвэр гаргах юм бол Туулын бохирдолтой холбоотой асуудал манай улсыг дэлхий нийтэд “экологийн дайсан” гэж зарлах болно хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна.

 

Цаг хугацаа хэнээс ч үл хамаарах зүйл. Төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг ариутгаж цэвэрлэхгүй гурав хоног Туул гол руу цутгах уу, нийслэлчүүдийн усны хэргэлээг гурав хоног хаах уу гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байгааг албаныхан хэлж байна. Хэрхэн шийдвэрлэхээ эцэслэн шийдвэрлэхийг хүлээх зуур нэг л өдөр цэвэрлэх байгууламжийн эвдрэл засал авахааргүй задарвал нийслэлчүүд бохир халихын зовлонг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Энэ аюул ойрхон байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tseverleh baiguulamj 22 in tovchoo tiish yavhad shuud unertdeg. Minii medehin zasna zalruulana saihan bolgono geed 10 jil ungurch ee. 10 jil ungurhud yu ch hiihgui l bna . Bid yalgadsaaraa amisgalsaar bhuu
2015-06-02
зочин:
энэ улс эзэн бна уу нэг их шүлэг тэрлэж титэм үг ярьж улс орон дамнаж улсын мөнгө гуйвуулсан улсаа арга чарга бнауу бодоочээ НОГООН НАМ МАМ ХААНА бнаа
2015-06-02
зочин:
Хүмүүсээ улс орон минь ийм аюултай үед эх орноо гэсэн том том ярьсан улс хайчиваа хөдөлгөөн өрнүүлж усаа хадгалж хурааж мөнгөтэй нь мөнгө өгч хоол хийж чаддаг нь тэр мэргэжлийн улсуудыг нь хоолож бас бяр хүчтэй нь хажууд нь ажиллаад Хатан Туулаа хамгаалъяа
2015-06-02
T:
Hahuuliig ni ogvol l avnaa naaduul chini...
2015-05-30
ХБНГУ Саруул:
Концесс ээр Герман технологийн дагуу гүйцэтгэж өгий болох уу Монголын тал хэр хүлээж авах вэ.
2015-05-30
T:
Hahuuliig ni ogvol l avnaa naaduul chini...