Гурван суманд галзуу өвчин гарчээ
2015-06-02

Зарим аймагт галзуу өвчин бүртгэгдсээр байна. 

 

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутагт нийт гурван үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. 

 

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.

 

Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.

 

Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай.

 

Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай байдаг аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин