Авлигад үнэлгээ өгөх шинжээчдийн баг иржээ
2015-06-02

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг манай улсад иржээ. Тэд Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийхээр ажиллаж эхэлсэн байна.

 

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх, багийн удирдагч Дмитро Котлиар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын ахлах зөвлөх Евгений Смирнов, Армени улсын Өндөр зэрэг дэвтэй албан тушаалтны ёс зүйн хорооны комиссар Лилит Петросян, Азербайжан улсын Авлигатай тэмцэх алба, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Самир Махмудов, Литва улсын Авлигатай тэмцэх газрын Олон улсын харилцаа хариуцсан ажилтан Елена Кончевиците нар багтжээ. 

 

Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын Үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ. Үнэлгээний цар хүрээ нь авлигатай тэмцэх байгууллага, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт шалгалт, дотоод аудит, шүүх, прокурорын байгууллага, хувийн хэвшил зэрэг байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа, эрх зүйн орчноос гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хамарч байна. 

Shuud.mn
Сонин хачин