Амь насаа атгаж яваагаа битгий мартаарай
2015-06-02

Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутгийг зорих урсгал нэмэгддэг. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн замд гарах осол аваар ихэсдэг гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулсаар ирсэн. Улсын хэмжээнд зам тээврийн ослын 40 орчим хувь хөдөө, орон нутгийн замд гардаг байна. Тоон үзүүлэлтээрээ бага мэт боловч эд материалын болон хүний эрүүл мэнд, амь насанд хөдөө орон нутгийн осол илүү хохирол учруулсаар л...
   

Ялангуяа амралтын өдрүүдэд болон баяр ёслолын үед хотоос хөдөө рүү, хөдөөнөөс хот руу чилгэх хөдөлгөөн ихэсдэг. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгож явдаггүй, тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүндээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангадаггүй, туршлага муутай жолоочоор жолооч бариулдаг байна.

 

Ингэснээр мөргөлдөх, явган зорчигч дайрах, онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр осол гаргаж жолооч, зорчигч гэлтгүй гэмтэж бэртэх, нас барах харамсалтай тохиолдол өдөр бүр  гарч байна. Хамгийн сүүлийн жишээ, өнгөрөгч бямба гаригт Дархан-Уул аймаг ороод эргээд хотод ирэх замд зам тээврийн дөрвөн ч осолтой таарсан. Аз болоход хүний амь насанд аюул учраагүй ч гэмтэл бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн хүн цөөнгүй байсан юм.

 

Хот руу буцах замд таарсан “Ниссан Тена” маркийн автомашины ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байсан Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хошууч Б.Үнэнбаяр “Өнөөдөр зам тээврийн ослын 4 дэх дуудлага дээрээ ажиллаж байна. Орон нутгийн замд жолооч нар хурдаа тохируулахгүй явдагаас осол аваар их гарч байна. Энэ машины хувьд бид дуудлага аваад ирэхэд дотор байсан хүмүүс нь байхгүй байсан. Сая сумын эмнэлэгтэй холбогдож, жолооч зорчигч нар эмнэлгийн яаралтай тусламж авч байгааг мэдлээ. Одоо түргэний жолооч, эмч нар сумын эмнэлэгт очиж тэднийг очиж үзэхээр явах гэж байна. Хамгийн гол нь жолооч нар хурд хэтрүүлэхгүй явах, гүйцэт түрүүлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар анхаарч байх хэрэгтэй” гэсэн юм.

 

 

Алсын замд салхи татуулан хурдлах төмөр хүлгийнхээ эзэн нь хэмээн омогшиж, хурд мэдэн чадлыг нь сорьж үзээгүй жолооч хүн ховор биз. Гэвч хурдаа хэтрүүлсэнээс агшин зуурт амь амьдарлаасаа салж болзошгүй гэдгийг битгий мартаасай хэмээн доорх зургуудыг орууллаа. Нэгхэн хором тэсэж чадаагүйгээс нэг насаараа харамсах хэрэг гарах вий. Жолооч таны болон хажууд чинь суугаа зорчигчийн амь нас эрүүл мэнд алганд чинь атгаастай байгаа гэдгийг битгий мартаарай.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин