Аж үйлдвэрийн салбар “нэг цонх”-той болно
2015-06-03

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү бодлогод аж үйлдвэрлэлийн салбарыг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр тусгасан байна.

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

-Монгол Улсын экспортын орлогын 90 хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Ингэхдээ бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдог. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортод гардаг ч тэр нь ноолуур, малын арьс шир голлодог. Мөнгөн дүнгээр авч үзвэл 300 тэрбум төгрөгт эргэлддэг. Харин эдгээр бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргаж, тоог хэмжээг нь нэмэгдүүлснээр ирэх таван жилд аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.

Нөгөө талдаа үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа бие биентэйгээ өрсөлдөж үнээ унагадаг талтай. Энэ байдлыг засахын тулд аж үйлдвэрлэлийн салбарт нэг цонхны бодлого барьж, зохицуулалт хийнэ гэлээ.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Аж үйлдвэрийн салбарын төрөлжилтөд анхаарч, аж үйлдвэрлэлийн салбар хөгжсөн орнуудын жишгээр статистик мэдээллээ нарийн гаргаж, хөгжлийг нь тодорхойлох ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Уг бодлого нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ” гэдгийг тодруулсан юм.

 

Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монгол Улсын хөгжлийн урт удаан хугацааны бодлоготой нягт уялдаж байгаа” гэдгийг онцолсон. Ажлын хэсгээс уг бодлоготой холбоотойгоор 40 шахам зарчмын зөрүүтэй саналын томъёолол оруулжээ. Үүнийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалт явуулав.  

 

УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар тодорхой үр дүнд хүрнэ гэж үзжээ. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд суурь болно. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал"-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн  бодлоготой уялдах аж. Мөн  үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

 

Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих аж. Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчинг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүд авахаар төлөвлөжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин