Засаг дарга нарыг “аргадах” хувилбар
2015-06-03

Хайгуулын лиценз авахад төрөөс баталсан энэ журмаар явах нь буруу юм байна. ...АМГ яахав дүрэм журмаар нь яваад байхад болоод байна. Харин “цаад” хэд чинь гэдийчихээд байна. Эхлээд засаг дарга нар дээрээ л “ажиллагаа” явуулсан дээр шүү гэж лиценз “горилогчид” бие биендээ найрсгаар зөвлөх болсон гэнэ. Залхсан зарим нь энэ наадмаар сумынхаа хэдэн морийг байлж наадмын талбайд нь саравч сүүдрэвч барья даа. Тэгээд эргэхгүй бол хаяхаас даа гэж сууна.

 

Аж ахуйн нэгжүүд хайгуул хийх лиценз эзэмшигч болохоор 280 мянган төгрөгөөр VPN төхөөрөмж авч 2 сая орчим төгрөгөөр нэвтрэх эрхээ авч хайгуулын өргөдөл хүсэлтээ АМГ-т гаргаад байна. Энэ ажил албан ёсоор энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн. Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн 496 өргөдлийн тал хувь нь буюу 230-д нь тухайн орон нутгийн Засаг дарга нар “өгөхгүй” гэж гэдийгээд байна. Зардал мөнгө гаргаж өргөдөл гаргагчдын тавин хувь нь хий хоосон цаг мөнгөө үрсэн болов.

 

Эзэн нь юмаа мэддэг гэдгээр ус бэлчээр, өвөлжөө бууцанд халтай юм гээд “энэ удаа ч зөвшөөрөх арга алга даа” гэж эелдгээр татгалзаад байгаа Засаг дарга нарын эвийг олох өрсөлдөөн лиценз хүсэгч нарын дунд албан ёсоор өрнөөд хавар зуныг дамнан үргэлжилж байна. Энэ бол цэвэр зохицуулалтын алдаа болжээ. Ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбоотой зөвшөөрөлд орон нутгийн эрх мэдлийг баталгаажуулсан заалт хийхдээ ямар гацаа үүсэхийг тооцсонгүй.

 

Яам журмаа баталж АМГ нь өргөдлөө хүлээн авч шийдвэрлэж эхэлжээ. Кадастрийн алба тухайн талбайд хайгуул хийж болохыг баталгаажуулаад АМГ лиценз олгохыг дэмжих шийдвэр гаргаад явуулчихад орон нутгийн тал нь “тийм юм байхгүй ээ, болохгүй газар” гээд мухардуулчихаж байна. Өргөдлийн эзэд эхлээд Засаг дарга нараас татгалзах зүйлгүй гэсэн бичиг зөвшөөрлөө авчихаад АМГ-т өргөдөл өгөх дараалалтай байсан бол байдал өөр байх байж. Засаг дарга зөвшөөрөхгүй гэхэд ядаж 280 мянган төгрөгөөр VPN төхөөрөмж авч 2 сая орчим төгрөгөөр нэвтрэх эрх авч мөнгөө үрэхгүй. Засаг даргын” үзгэнд” хүрэх гэж ах дүү анд найз нарт нь хоол зоог барьж мөнгөө цацахгүй. Мөрөөрөө айргаа уугаад зунаа барж болох юм.

 

“АМГ яахав дээ. Бид нар газар нутгаа тэд нараас илүү мэднэ” гэх Засаг даргын жуумалзах бол үнэн л үг. Орон нутгийн удирдлагууд ч бас цаанаа хариуцлагатай. Дэмий газар лиценз өгөхийг дэмжээд явуулчихбал хэдэн компанитай мөнгө хувааж цохисон хэрэгт орж сонгуулиар амаа асуулгана. Лицензийг нь баталлаа гээд дараа олборлолтоос нь нутаг оронд гавьтай юм ордоггүй тул сонгуулиар унах нүхээ ухаж байхаар нэг компанийг түлхчихсэн нь зөвдөнө.

 

Хуулиар олгогдсон гарын үсэг зурах боломжоо ашиглаад лицензүүдийг гацааж чадаж байгаа  эрх мэдэл орон нутгийн удирдлагад буюу шууд Засаг даргад байхад АМГ-аас бидний шийдвэрийг “автоматаар зөвшөөрчих ёстой” гэж тайлбар хэлж суух юм. “Автоматаар зөвшөөрөгдөх” гэсэн энэ нэр томьёог Засаг дарга нартаа сайн тайлбарламаар.

 

Хайгуулын лиценз бол орон нутагт том зодоон талцаан үүсгэдэг сайн нэргүй гэхэд болно. Хяналтгүй хавтгай олгогдож байсан лицензүүд газар оронг сэндийлж, гол усыг ширгээсэн хар мөртэй. Хайгуул хийж олборлолт явуулахын наана лицензээ үнэ хүргээд зарчихдаг сүлжээний бизнес бий болчихсон эмх замбараагүй байдлыг цэгцрэх хүртлээ удсан. Энэ зайнд бэлчээр нутгаа өмгөөлсөн малчид лицензийн эзэдтэй орон нутгийн халз тулаанд их орж байсан. Далимдуулж нутгийнхны нэр барьж дарамталж мөнгө салгадаг хөдөлгөөн холбооныхон ч лиценз эзэмшигчдийн тоотой дүйцэхээр болж ирсэн. ААН-үүд засаг даргатай ам хэлээ олоод өрмөө чирээд газар дээрээ очиход “АКА” буу биш гэхэд хүрз чулуу барьчихсан хэдэн тэмцэгч гараад ирнэ. Бас л зохицох хэрэгтэй болно.

 

Үүсэн нөхцөл байдалыг авч үзэн энэхүү лиценз олголтын “гацаа” мөд гарах шинжгүй болсон нөхцөлд төрийн хэд зөвлөж байгаад Төсвийн хуульд өөрчлөлт оруулж Засаг дарга нарыг зөөлрүүлэх гарц олжээ. Уул уурхайн яам Сангийн яамтай хамтарч Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж хуулийн төслөө Их хурал оруулаад байна.

 

Энэхүү өөрчлөлт орсноор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг аймаг, суманд нь олгодог тогтолцоог бий болгох гэнэ. Бэлчээр ус хашаа саравч, өвөлжөө бууц бусниулна гээд гэдийгээд байсан Засаг дарга нарт орон нутагт нь мөнгө цутгах хууль гаргавал эргэх болов уу гэж харсан байна. Тэгж ч болно. Хайгуул хийгээд юм гараа ч уу, үгүй ч үү гээд хашир засаг дарга нар гэдийсэн чигтээ байгаад байвал дараагийн алхам нь юу байх вэ. Ном журмаар нь явахад бүтчихнэ гээд ажил цагаа үрж мөнгө хаяад зөвшөөрөл ч үгүй болчихоод байгаа ААН-үүдийг цаашид яахав.

 

Төсвийн хуулийн өөрчлөлтөөр “амлагдах” 30 хувь Засаг дарга нарын “энэ газарт хайгуул хийх боломжгүй” гэх үндэслэлийг яаж өөрчлөх юм бол.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог журмаа эргэн харж эхлээд Кадастраар баталгаажуулаад дараа нь тухайн орон нутгийн Засаг дарга нараар дэмжүүлж гарын үсгийг нь аваад тэгээд 280 мянган төгрөгөөр VPN төхөөрөмж, нэвтрэх эрхийн мөнгөө тушаагаад АМГ-аас зөвшөөрлөө авдаг болчихбол хаана хаанаа чирэгдэлгүй саад гацаагүй болчихоор харагдаж байна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс орны хөгжил, ирээдүйг боомилсон, авилга, албан тушаалын эрх дархыг нэмэгдүүлсэн хууль дүрэм их гарч байна даа, сүүлийн үед, АН-ын засаг маш муу ажиллаж байна даа
2015-06-04
hansh:
zasag darga nar hansh togtooson avilga neheed baigaa gej gaduur yarigdaad hagas jil bolj bn doo
2015-06-04
tttt:
zuv. ene materailiig. ih hurald taraa
2015-06-03
зочин:
Улс орны хөгжил, ирээдүйг боомилсон, авилга, албан тушаалын эрх дархыг нэмэгдүүлсэн хууль дүрэм их гарч байна даа, сүүлийн үед, АН-ын засаг маш муу ажиллаж байна даа
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03