Ерөнхийлөгчид Туркменистаны Гадаад хэргийн сайд Р.О.Мередов бараалхав
2015-06-04

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд тэрээр Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын  чин сэтгэлийн мэндчилгээ болон тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан урилгыг Монгол Улсын  Ерөнхийлөгчид уламжлав.

 

Монгол Улсын  Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлээд “Манай хоёр орны хооронд уламжлалт сайхан харилцаа байдаг. Та Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад анх удаа айлчилж байна. Энэ бол түүхэн үйл явдал юм. Туркменистан бол байгалийн хийн үйлдвэрлэл хөгжсөн орон. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Г.Бердымухамедовоос надад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэнд баяртай байна. Миний халуун дотно хариу мэндчилгээг Ерөнхийлөгч Г.Бердымухамедовт уламжлаарай. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

 

Уулзалтын үеэр Монгол Улс, Туркменистан Улсын хооронд хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөтгөн хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо. Тухайлбал, Туркменистан Улсаас Монголд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар судлах, хоёр улс хамтарч аялал, жуулчлал хөгжүүлэх, Монголын талаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хивс, үхэр, хонины махыг Туркменистанд гаргах, эдийн засгийн асуудлаар Засгийн газар хоорондын комисс байгуулах эрх зүйн орчин, механизмыг судлах болон Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн холбогдох олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох боломж зэрэг асуудлаар санал солилцон ярилцав.

Shuud.mn
Сонин хачин