Гадаадын иргэдийг бүртгэх журамд өөрчлөлт оруулжээ
2015-06-04

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мөн Хонконг болон Кызыл хотод суух Ерөнхий консулуудыг томилсон байна.

 

 

 

 

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

 

Засгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

 

Үүнд

  • - Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг тав хүртэл жилээр сунгахаар заасан байсныг гурав хүртэл жилээр сунгах

 

  • - Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний гурван жилд нэг жил хүртэл хугацаагаар сунгаж олгож байсныг эхний хоёр жилд нэг жил хүртэл хугацаагаар олгох

 

  • - Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилийн хугацаагаар олгох, сунгахаар заасныг гурав хүртэл жилээр олгох, сунгах

 

  • - Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох болон сунгахаар заасныг хоёр хүртэл жилээр олгох, сунгах

 

  • - Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой болон харгалзан үзэх бусад шалтгаантай гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилээр олгохоор заасныг таван жил болгох

 

  • - Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг хэдий хугацаагаар олгох, сунгах нь журамд тусгагдаагүй байсан тул эдгээр иргэдэд оршин суух зөвшөөрлийг тав хүртэл жилээр олгож, гурван жил хүртэл хугацаагаар сунгахаар боллоо.

 

АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын засвар, тохижилтын асуудлыг хэлэлцлээ

 

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

 

Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын тохижилт, засвар үйлчилгээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зочид буудлуудад олгох хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Манай улсад 450 гаруй аж ахуйн нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд эдгээрээс 45-ыг нь олон улсын шаардлага хангаж буй. Эдгээр буудалд тохижилт, засвар хийх, зэрэглэл нэмэх зэрэг шаардлага байгаа гэж үзжээ.

 

АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна.

 

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэнэ

 

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Тус салбарт үйлдвэрлэлийн осол, өвчлөлийн түвшин өндөр байна. Тухайлбал, 2012-2014 онд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын судалгаагаар нийт ослын 17 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаагаас осолд өртсөн 222 хүний 57 нь нас барж, 40 хүн тахир дутуу болжээ. Эдгээр ослын дуудлагын 104 нь Налайх дүүргээс ирснээс 31 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

Иймд тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжилтийг нь хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Энэхүү конвенц нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр ажил, олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгдөг. Конвенцийг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой. Конвенцийг батлах болон хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэг төлбөр төлөхгүй, харин конвенцийн хэрэгжилтийг нэгдэн орсны дараах нэг жил, улмаар таван жил тутамд Засгийн газар тайлагнах үүрэг хүлээдэг байна.

 

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсйн хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг 30 орчим орон нэгджээ.

 

 Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

 

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжлэн баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.

 

Эрх зүйн ийм орчин бүрдсэнээр хөдөө орон нутагт иргэд, малчид, тариаланчид амьдрах сонирхлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд итгэл нэмэгдэх, органик хүнсийг гадаад, дотоодын зах зээлд гаргах баталгаажуулалтын тогтолцоо бүрдэх, органик хүнс үйлдвэрлэгчдийн орлого, ашиг нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавар авчирна гэж салбарын яам үзэж байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаа, зохицуулалтын гол зарчим нь тухайн үеийн хөдөлмөр болон үйлдвэрлэлийн харилцааны хөгжлийн түвшинд тохирч байсан. Гэвч эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон эрх зүйн шинэтгэлтэй уялдуулан авч үзвэл уг хууль хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг бүрэн, үр дүнтэй, уян хатан зохицуулах шаардлагыг хангаж чадахгүй байна гэж салбарын яам үзэж байна.

 

 Товч мэдээ

 

  • -“Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд холбогдох шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

 

  • -Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

  • -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалыг өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсаас Хонконгт суух Ерөнхий консулаар томиллоо.

 

  • - ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Ганцэцэгийг томиллоо.

 

  • -УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарим саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. 

 

  • -“Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын тогтоолын хавсралтаар баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн”-д агуулга бүхий заалт нэмлээ.

 

  • -Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичгийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Монголын талын ноот бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж тогтлоо.

 

  • -УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн бүх шатны шүүгч нарын цалинг тогтоох аргачлалыг зарчмын хувьд дэмжиж, зарим асуудлыг анхаарч, нягтлах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

  • -УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачлан боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

  • -Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

 

  • -“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталж, мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  олгохоор тогтлоо.

 

  • -“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2013 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол” болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол”-д тус тус гарын үсэг зураг эрхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
naaya:
Xurungu oruulagch nertei mungugui guilgachidad orshin suux zuwshuurlig yun olon jiler olgodog yum xujaagaar duurexnee mongol yanadaa yana
2015-06-04