Үлэг гүрвэлийн үзэсгэлэн албан ёсны нээлтээ хийнэ
2015-06-04

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр буюу маргааш 12.00 цагт  “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийхээр болжээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцох аж.

 

Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлдэг юм. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн хоёр томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан туршлагатай гэнэ.

 

Нээлтийн үйл ажиллагаа Оддын урлагийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулах юм. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгуулах ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин