Л.ЧУЛУУНБОЛД: Монгол хүний дэлхийд эзлэх байр суурь, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь бидний зорилго
2015-06-04

“Шинэ шинэлэг бүхнийг Нэкстээс” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж, өдөр ирэх бүр бизнесийн цар хүрээгээ өргөжүүлж буй “Нэкст Электроникс” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чулуунболдтой ярилцлаа.

 

 

-Сайн байна уу? Юуны өмнө бидний саналыг хүлээн авсан танд баярлалаа. Таны бизнесээ хэрхэн эхлүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид 2008 онд анхны бизнес болох “Мебель таун” гэр ахуйн тавилгын дэлгүүрийн павилонд тавилгын үйлдвэрийн танилцуулга болон өөрийн реклам сурталчилгааг явуулахаар хэд хэдэн LG брэндийн LCD телевизор, DVD байршуулсныг үйлчлүүлэгчид сонирхон худалдан авах хүсэлт нэлээд гаргаж байснаас бидний цахилгаан бараа нийлүүлэх, жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд байгуулах бизнесийн санаа төрсөн түүхтэй.

 

Судалгааны явцад залуу гэр бүл, дундаж орлоготой болон дундаас доош орлоготой хүмүүст зориулсан цахилгаан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлт хангалтгүй санагдсан тул бид үүнд чиглэж ажиллая гэж шийдсэн. Тиймээс БНХАУ-ын дэлхийн зах зээлд танигдсан, нэртэй брэндүүдийг экспортын албан ёсны эрхтэйгээр баталгаат засварын хамт борлуулах зорилгоор TCL, Haier, Midea, Hisense, Konka, Skyworth, Galanz, Lenovo брэндүүдийг сонгон хамтран ажиллаж эхэлсэн.

 

Түүнчлэн бид зах зээлд Солонгос, Турк болон БНХАУ-ын  брэндийн барааг зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц хямд үнээр, нэмэлт урамшуулалтай нийлүүлж байгаа нь худалдан авагчдын хэрэгцээнд нийцдэг юм.

 

-Өнөөдрийн байдлаар “Нэкст элекстроникс” ХХК нь цахилгаан барааны зах зээлд ямар байр суурь эзэлж байгаа вэ?

-Бид өнөөдөр Монгол Улсын импортоор нийлүүлж буй гэр ахуйн цахилгаан барааны 1/4  буюу 25 орчим хувийг нийлүүлж байгаа ба телевизор худалдан авч буй 3 хүн тутмын нэг нь манай компанийг сонгон үйлчлүүлсэн тоо баримт байдаг. Монголын зах зээлд нийлүүлэгдэж буй Samsung брэндийн бүтээгдэхүүний 50%-иас дээш нийлүүлэлтийг, LG брэндийн 80%-иас дээш нийлүүлэлтийг манай компани дангаараа хангаж байна. Мөн телевизор, угаалгын машин нийлүүлэлтийн зах зээлийг тэргүүлж байна.

 

-Танд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байсан, бэрхшээлд та хэрхэн ханддаг вэ?

Нуугаад яах вэ одоогийн цаг үеэс өнгөрсөн бүх зүйлээ эргэн харахад олон зүйлийг алдсан мэт санагддаг.Бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа судалгаа хийлгүйгээр өөрсдийн сонирхол үзэмжээр сонгосноос борлогдохгүй, алдагдалтай борлуулах, улирлын онцлогийг тооцоогүйгээс хугацаа алдах, даатгал хийлгээгүйгээс бараа норох, үрэгдэх, дутах мөн хяналт алдсанаас алдагдах зэрэг дотоод бэрхшээл олон тулгарч байсан. Мөн бэлтгэн нийлүүлэгчдээс нийлүүлэлтийн хугацаа хожимдуулах, чанарын доголдол гаргах, сэлбэг хэрэгсэл тасалдах зэрэг  бэрхшээл учирч байсан ч хамт олныхоо хүчээр тэр бүх бэрхшээлийг даван туулж ирсэн.

 

-Танай компанийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаа хэрхэн шийдэж энэ амжилтанд хүрсэн бэ? Банк санхүүгийн байгууллагын үүрэг ямар байсан бэ?

-Манай компани байгуулагдсан цагаасаа л ХААН Банктай хамтран ажиллаж банкнаас санал болгож буй төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнийг авч ашиглаж ирсэн.

 

Өнөөдөр бид ХААН Банкийг санхүүгийн гол стратегийн түншээ гэж үздэг. Учир нь манай компанийн санхүүгийн харилцаанд ХААН Банк дангаараа 80 орчим хувийг эзэлж байдаг. Бидний бизнесийн өсөн дэвжих үйл явц бүр ХААН Банктай салшгүй холбоотой гэж болно. Бид ХААН Банктай хамтарч ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг, цаашид ч хамтран ажиллана гэж бодож байна. 

 

 

-Танай компанийн санхүү, хөрөнгө оруулалтын тал дээр ХААН Банкны дэмжлэг туслалцаа хэр их байдаг вэ?

-Компанийн эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх, Хөрөнгө оруулалтын зээлээр санхүүжүүлж дэлгүүрийн барилга худалдан авах, барьж байгуулах ажлыг өнгөрсөн зургаан  жилийн хугацаанд амжилттай явуулсан байна. Энэ бүхэнд ХААН Банктай тууштай хамтран ажиллаж ирсэн. Энэ дашрамд Эрхэм таны итгэлт анд уриатайгаар улс орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банкны хамт олонд талархал илэрхийлж байна.

 

-Танай компанийн маркетингийн бодлого их өвөрмөц санагддаг. Нууц биш бол бизнес эрхлэгчиддээ зориулж туршлагаасаа хуваалцана уу?

-Бид шинэчлэгч байхыг үргэлж эрхэмлэдэг. Тэр ч утгаараа “Шинэ шинэлэг бүхнийг Нэкстээс” гэсэн уриатайгаар ажилладаг. Бид маркетингийн арга хэмжээнүүдээ зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн, брэндийнхээ давуу тал, хэрэглэгчдэд очих хэмнэлт, ашиг тусыг сонирхолтой хэлбэрээр олон хүнд хүргэж нийгэмд болон хэрэглэгчдэд хөрөнгө оруулах зорилготой байдаг тул бидний мессеж үйлчлүүлэгчдэд илүү хүрдэг гэж ойлгодог.

 

Манай бүх ажилтан бүгд маркетерууд гэж хэлж болно. Цаг үеийн хэрэгцээ шаардлага, хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг мэдэрч ойлгодог, тэдэнд байнга туслахыг эрмэлздэг манай хамт олон шинэ санал санаачлага гаргаж түүнийг нь дэмжиж урамшуулсанаар шинэ маркетингийн санаа төрж гардаг. Санаачлага амжилтын угтвар гэж болно.

 

-Орчин үеийн хүмүүсийн цаг завыг хэмнэсэн онлайн худалдааны талаар та бүхэн ямар ажил хийж байна вэ?

Манай компаний цахилгаан барааны зах зээлд анхлан онлайн худалдааны сайт www.next.mn –ийг ажиллуулж эхэлсэн. Онлайнаар бараа авбал дэлгүүрийн үнээс 3% хямд байхаас гадна захиалга өгсөнөөс хойш 6 цагийн дотор үнэгүй хүргэлт хийх, нэмэлт бэлэг урамшуулал, чатаар үнэ тохиролцох, зэрэг зөвхөн онлайн хүрээний маркетингийн арга хэрэгслийг ашигладаг.

 

-Танай компани өнөөдрийг хүртэл хичнээн ажлын байр бий болгосон бэ?

-Анх баруун 4 замд байрлах жижиг дэлгүүрт 6 хүний бүрэлдэхүүнтэй компаниа байгуулж байсан бол өнөөдөр Нэкстээр овоглосон 250 гаруй ажилтантай болжээ.

 

-Аливаа бизнесийн хөдөлгөгч хүч нь тухайн байгууллагын ажилтнууд байдаг. Та бүхэн ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг бол?

-Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудалд судалгаа хийж, орон сууц болон өндөр үнийн дүнтэй худалдан авалтыг нь дэмжих, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг компаниасаа хөнгөлттэй зээлээр авах, ХААН Банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээлд хамруулах, жил бүр шилдэг ажилтнуудаа шалгаруулан гадаад улсад аялуулах, эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах зэргээр ажилтнууддаа хандсан үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Мөн ажилтнуудынхаа ажлын үр дүн, ажилдаа хандах хандлагаас нь  хамааран цалингийн урамшуулал бий болгон ажиллаж байна.

 

-Танай компанийн ирээдүйн зорилго юу байна вэ?

-“Нэкст Электроникс” ХХК-ийг төсөөлөхөөсөө илүү Нэкст группыг, өөрөөр хэлбэл ирээдүйд Монгол улсдаа  тэргүүлсэн томоохон групп компанийг төсөөлөн харж байна. Зах зээлд эзлэх хувийн жингээ нэмэгдүүлэхээс гадна, гэр ахуйн цахилгаан барааны салбарт ахиц дэвшил гаргахыг хичээн ажиллана. Түүнээс гадна өөрсдийн ажлын туршлагад үндэслэн өөр шинэ салбар руу орох бодолтой байгаа. Мөн ажилтнуудынхаа орлого, хангамжийг нэмэгдүүлэх, улс эх орныхоо эдийн засагт оруулах хувь нэмрээ өсгөх,  Монгол хүний дэлхийд эзлэх байр суурь, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах зорилготой байна.

 

-Бизнесийн гараагаа хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа дөнгөж бизнесийн салбарт хөл тавьж байгаа хүмүүст хандан та юу зөвлөх вэ?

-Бизнесийн салбарт хүчээ сорих гэж буй залууст миний өгөх зөвлөгөө бол их энгийн. Ерөөсөө л гадаад улс орнуудаар сайн аял, үз, сур. Хэдий чинээ их зүйл үзэж туршлага хуримтлуулна чамайг угтах бизнесийн үүд хаалга төдий чинээ нээгдэж байдаг. Яг л явсан нохой яс зууна гэдэг шиг.Мөн шинэ салбарт хүчээ сорьж  шинэлэг санаануудыг  нэвтрүүлэн ажиллахыг эрмэлзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

 

-Танд баярлалаа. Ажлын   амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Bj:
Myatrashgui chubo shuu
2015-06-05
Зочин:
Маш сайн байна. Амжилт
2015-06-04