Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг 20-ныг хүртэл хойшлууллаа
2015-06-04

Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлуулах тухай” А/475 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар улаан бурхан өвчний дэгдэлт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд, спортын дэд сайдын “Улаанбурхан өвчний тухай” 2015 оны 1б/2235 дугаар албан бичигт дурдсаны дагуу нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл  түр хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.


 
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов.


 
Харин улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нөхөн дархлаажуулах ажлыг чанартай зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн ногоон бүсийн зуслан, халамж, асрамжийн төвүүд, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.


 
Мөн мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг харьяа байгууллагын удирдлага, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт даалгалаа.


Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин