Сингапурын Темасек загварыг Монголд нэвтрүүлнэ
2015-6-4

Хатагтай Клейр Шорт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын урилгаар манай улсад айлчилж байна. Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг хүлээн авч уулзлаа.

 

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Олон улсын Удирдах хорооны дарга Клейр Шорт Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд уул уурхайн ил тод байдлыг дэлхий дахинд түгээх, улмаар энэ салбарт гардаг татвараас зугтах, авлига зэрэг сөрөг үр дагавараас зайлсхийх аргачлалыг монголд найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Цаашдаа энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь сайжруулах, тодорхой баримттай тоон мэдээллийг ил тод болгоход гол анхаарлаа хандуулж байна гэдгээ уулзалтын эхэнд танилцууллаа.

 

Ерөнхий сайд хатагтай Клейр Шортыг Монголд айлчилж байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс уул уурхайн салбараа ил тод, нээлттэй болгоход анхаарч байна. УИХ-д уул уурхайн олборлолтын ил тод байдлын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин илүү сайжрах боломжтой. Мөн энэ салбарын талаар иргэдэд тоо баримттай зөв мэдээлэл өгөх, үр дүнг нь зөв ойлгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

 

Орон нутагт уул уурхайгаа ашиглахад иргэд нь үр ашгийг нь хүртдэг, төсөвт нь тодорхой хувь нь үлддэг болгосноор уул уурхайгаа ашиглах сонирхол нэмэгдэнэ гэдгийг хэллээ.

 

Уул уурхайн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд Засгийн газар ямар бодлого баримталж байгааг сонирхсон Клейр Шортын асуултад Ерөнхий сайд “Сингапурын Темасек загварыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь зөв удирдлага аргачлалд орох, улсын баялагийн санг зөв захиран зарцуулах арга болно. Гэхдээ эцсийн үр дүнд уул уурхайгаа дэмжиж энэ салбар дээрээ дөрөөлж цаашдын тогтвортой хөгжлийг бий болгох нь чухал. Үүнд уул уурхайн олборлолтын ил тод байдлын санаачилга ихээхэн үр дүнгээ өгнө гэж үздэгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин