Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулжээ
2015-06-04

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна.

 

Дөрөвдүгээр сарын сүүлээр МАН-ын бүлгийн санал санаачилгын дагуу тус байнгын хорооноос тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлах үүрэг чиглэлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд өгсөн юм. Харин энэхүү үүрэг чиглэлийн үр дүнгийн талаарх танилцуулгыг өчигдөр байнгын хорооны хуралдаанаар сонсчээ.

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ танилцуулгадаа тэтгэвэр авагчдын дунд эрэлттэй байгаа энэхүү зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

 

Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлыг шинээр хуулийн төсөл боловсруулах замаар зохицуулах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Г.Баярсайхан нарыг томилжээ.

 

Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгээс шахаж шаардсаны дагуу ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хуулийн төсөл боловсруулснаар шийдэх эхний алхам тавигдаж байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин