Малчдад зориулсан лавлах утас ажиллана
2015-6-5

Өчигдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар мэдээлэл хийжээ.

 

Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн шинэчлэлд ашиглах, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг тухайн импортлогч улсуудын хорио цээрийн байгууллагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх, малчны лавлах шуурхай утсыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

 

Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөж байна. Лавлах утас үнэ төлбөргүйгээр 24 цагийн турш ажиллаж, ирсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг  эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна.  Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн  зөвлөгөө хүргэх аж.

 

Shuud.mn
Сонин хачин