Улаанбаатар
Галт зэвсгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив
2015-6-5

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Галт зэвсгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр өргөн барилаа.

 

 

2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн байна.

 

Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах наад захын мэдлэгтэй болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хууль бус наймаа, тэдгээртэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах зорилгоор хуулийн төсөлд хариуцлагын асуудал тэр дундаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бий болгохоор тусгажээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт-сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй байх юм байна.

 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин